Баяраар ажиллах эмч нарын цалинг хоёр дахин нэмэхийг Путин үүрэгджээ
2020-12-24

Шинэ жилийн баярын өдрүүдэд коронавирустэй тэмцэн, ажлаа хийх эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгожээ. Энэ талаар тэрбээр 12 дугаар сарын 23-ны өдөр болсон Төрийн зөвлөл болон Стратегийн хөгжил, үндэсний төслүүдийн зөвлөлийн хамтарсан хурал дээр мэдэгдсэн байна. 

 

Баярын өдрүүдэд ажиллаж байгаа ялангуяа эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан байна. Гэсэн ч ОХУ-ын өнөөгийн Хөдөлмөрийн хуулинд ийнхүү нэмэх болон коронавирустэй тэмцэхээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох талаар ч тусгагдаагүй байдгийг тэрбээр сануулжээ.

 

"Адаглаад энэ шинэ жилийн баярын өдрүүдэд эдгээр нэмэлт цалин, тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлж өгөх ёстой гэж үзэж байна" хэмээн Путин мэдэгджээ.

 

Түүнчлэн энэ хурлын үеэр Төрийн дум дахь "Единая Россия" намын фракцийн тэргүүн Сергей Неверов   2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг амралтын өдөр болгох санал гаргасныг Владимир Путин дэмжсэн байна. Үүний зэрэгцээ богино хугацаа үлдсэн тул холбооны хэмжээнд амралтын өдөр болгон зарлах боломжгүй гэдгийг сануулжээ.

 

"Тиймээс би Сергей Ивановичийн саналд анхаарлаа хандуулан, 31-ний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргаагүй байгаа субъектууд үүнийг хийхийг зөвлөж байна" хэмээн Путин мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин