QR зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 800 орчим зөрчлийг илрүүлжээ
2020-12-25 08:33

Цагдаагийн алба хаагчид автомашины QR зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцсон 800 орчим зөрчлийг илрүүлжээ. 

 

Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд "Өмнө нь олгосон QR кодоо шинээр хэвлэж аваагүй, хүчингүй, хугацаа нь дууссан, хуурамчаар үйлдсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн үүнээс гадна иргэд хувийн шалтгаанаар QR зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцох тохиолдлууд гарч байна. Тухайлбал өчигдөр автомашинаа жолоодож явсан нэг иргэний биеийн байдал муудаж, гэнэт таталт өгсөн. Манай алба хаагч автомашиныг нь жолоодон, цагдаагийн автомашины хамгаалалт дор тухайн иргэнийг эмнэлэгт хүргэсэн. Хүний амьдрал л хойно энэ мэтчилэн асуудлууд гарч байна" гэж ярилаа. 

 

Мөн тус дүүрэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагч "Иргэд эмнэлэгт үзүүлэхээр явж байна" гэх тайлбарыг олноор хэлж байна. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөлгүй ч явуулахаас өөр аргагүй. Иргэд, олон нийтэд гэртээ л байхыг уриалмаар байна" гэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин