"Хүслийн гацуур": ОХУ-ын сайд нар хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлжээ
2020-12-26 11:30

Оросын "Хүслийн гацуур" шинэ жилийг угтсан арга хэмжээг тус улсын Засгийн газрын гишүүд дэмжжээ. Анх энэ арга хэмжээг "Надтай хамт мөрөөд" сайн үйлсийн төсөл гурван жилийн өмнө эхлүүлсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд улс төрчид, тамирчид, жүжигчид болон энгийн сайхан сэтгэлт хүмүүс хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлдэг аж. 

 

Хүслийн гацуурыг тусгайлан засаж, хүүхдүүдийн илгээсэн захидлуудыг өлгөх бөгөөд хүмүүс тэндээс захидлыг аван, уншиж, хүүхдүүдийн хүслийг биелүүлдэг байна. Энэ удаагийн арга хэмжээнд Оросын Засгийн газрын гишүүд оролцон, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээ амалжээ.

Оросын Ерөнхий сайд Михаил Мишустинд Тверск мужийн 4 настай Надя охины хүсэлт таарсан байна.

 

"Надя Тверск мужийнх, 4 настай. Цахилгаан даралтат хөгжим авахыг мөрөөддөг гэж бичиж. Надя, би ч гэсэн ийм хөгжим мөрөөддөг байсан. Би чамд ийм хөгжим сонгон авч, шинэ жилийн бэлэг болгон өгөхдөө маш их баяртай байна. Чамд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье!" хэмээн Ерөнхий сайд Мишустин өгүүлжээ.

 

Хүүхдүүд жил бүр төрөл бүрийн бэлэг хүсдэг. Зарим нь орчин үеийн урлаг, хөгжим, балетын шүтэн бишрэгчид байх бол ирээдүйн нисгэгч, гал сөнөөгч, цагдаагийнхан ч захидал илгээдэг аж. Энэ удаад Засгийн газрын дэд дарга Марат Хуснуллинд нэгэн өвөрмөц хүсэлт таарчээ.

 

"Максим Беляков цагдаагийн албанд нэг өдөр ажиллаж үзэхийг мөрөөддөг юм байна. Би Дотоод хэргийн сайдтай ярилцъя. Боломж гаргаж өгөхийг гуйя. Максим Беляков цагдаагаар ажиллаж үзнэ ээ" хэмээн Хуснуллин өгүүлсэн байна. 

 

Засгийн газрын гишүүд олон сонирхолтой хүсэлт уншсаны нэг нь дэд сайд Голиковад таарчээ.

 

"Всеволод нисэхийг мөрөөддөг юм байна. Сева, цаг агаар сайхан болмогц нисдэг тэргээр нисэцгээнэ" хэмээн Татьяна Голикова амлаад хүүд болон түүний гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсэн, шинэ жилийн мэнд дэвшүүлжээ. 

"Хүслийн гацуур" арга хэмжээг анх Оросын Ерөнхийлөгч Путин 2018 онд эхлүүлсэн байна. Энэ жил харин Владимир Путин хэдийнэ хоёр хүүхдийн хүслийг биелүүлжээ. Тульск мужид амьдардаг Александр Колясников хэмээх хүнд өвчинтэй хүү хулсны баавгай тэврэх хүсэлтэй байсан гэнэ. Ингээд хүүгийн хүсэл биелж, Москвагийн амьтны хүрээлэнгийн Жуи хулсны баавгатай хамт футболкан дээр зураг зуржээ. Амьтны хүрээлэнгийнхэн хүүд хулсны баавгай өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар ярьж өгсөн бөгөөд ийнхүү зугаалах үеэр Путин түүнтэй утсаар ярьсан гэнэ. 

"Хүслийн гацуур"-аас Владимир Путин Өмнөд Уралын хүү Димагийн захидлыг авчээ. Дима Ащепков Өвлийн өвгөнд бичсэн захидалдаа Кремль дэх Ерөнхийлөгчийн ажлын байрыг үзэх, төрийн тэргүүнтэй хамт тэшүүрээр гулгах мөрөөдөлтэйгээ бичсэн байна. Ингээд түүний хүсэл биелж, Путин түүнийг Улаан талбай дээр нэгдсэн мөсөн талбай дээр урьж, хамтдаа цагийг өнгөрүүлжээ.

 

Оросын Ерөнхийлөгчийн үлгэр жишээг даган төсөлд жил бүр ерөнхийлөгчийн захиргаа, томоохон корпорациудын удирдлагууд, хотын дарга нар, мужуудын засаг дарга нар нэгдэх болсон гэнэ. Улмаар Хүслийн гацуурыг яам, тамгын газрууд, бүс нутгуудын захиргаанд босгодог болжээ. 

Shuud.mn
Сонин хачин
энэ хулгайчууд тоглоом төдийхнөөр л аргалаад өнгөрнө л дөө ард нь хичнээн мянган хүүхдүүд өвчиндөө шаналаад төв тв-ээр нь мөнгө цуглуулах гэж үйлээ үзэж бна гээч
2020-12-26