Я.Буянжаргал: Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирусийн дагалдах оноштой иргэн эндлээ
2020-12-26

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн долоон тохиолдол нэмж бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд Улсын хэмжээнд 14227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнд коронавирус илэрлээ. Долоон тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой байна. Тодруулбал хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал нэг хүнээс вирус илэрсэн. Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь ХСҮТ-ийн ажилтан. Тэдний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ" гэж мэдээллээ.

 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ХӨСҮТ-д 22 хүн коронавирусийн батлагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өнөөдөр өглөө 08.20 цагт 30 настай эмэгтэй амаржиж 3.2 кг жинтэй хүү мэндэлсэн амаржсан. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Мөн 25 настай жирэмсэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. 

 

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд хоёр хүн байгаа. Нэг нь 51 настай эрэгтэй. Тухайн иргэний ковидын халдвар эмчлэгдэж эдгэрсэн. ПСР шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсан. Үндсэн онош болох зүрхний шигдээс, тархины цочмог хавдар нэлээд хүндэрч байгаа. Мөн 53 настай зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй маш хүнд нэг эмэгтэй бий. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай 194 хүн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээнд үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд байсан нэг иргэн өчигдөр /2020.12.24/  эндсэн. Цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Тухайн иргэн үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан. Уг иргэн коронавирусийн дагалдах оноштой байсан. Шилжүүлэх боломжгүй маш хүнд хүн байсан учраас нэгдсэн эмнэлэгт бүх эмчилгээг хийж байлаа" гэлээ. 

 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1082 боллоо. Үүнээс эдгэрсэн 711.  Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 362 хүн эмчлүүлж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин