Москвад "Шинэ жилийн тээвэр" үйлчилж эхэллээ
2020-12-26

Оросын нийслэл Москва хотод уламжлал болсон шинэ жилийн тээвэр нийтэд үйлчилж эхлэх болсон талаар хотын дарга Сергей Собянин мэдэгдлээ. 

Регнум агентлагийн мэдээлснээр, шинэ жилийн тээвэр зургаа дахь удаагаа Москвагийн гудамжаар хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг баярын уур амьсгал оруулан чимэглэжээ. 

 

Тухайлбал Мосгортранс 50 трамвай, 50 электробусыг гэрлэн чимэглэлээр гоёсон бол Москвагийн метро "Зараа" хэмээх нэртэй шинэ жилийн тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг үйлчилгээнд гаргажээ. 

Түүнчлэн нийтийн үйлчилгээний 50 гаруй машиныг ч шинэ жилд зориулан чимэглэсэн бөгөөд машинуудыг Өвлийн өвгөний чарга, шинэ жилийн бэлэгтэй хайрцаг мэт дүрстэй болгон чимэглэсэн байна. 

Мөн зорчигчдод зориулан метронд зураг авахуулах хэсэг, уран бүтээлчдийн мэндчилгээ, бэлгийн карт, цахим тоглолт, тэмцээн, бэлэг дурсгалын зүйлс гээд олон бэлгийг бэлджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин