ЦАР ТАХАЛ: Дэлхий хөл хорионд орж, ВАКЦИНЖУУЛАЛТ-аар он дуусав
2020-12-29

Энэ жил хүн төрөлхтний түүхэнд "цар тахал", "цар тахлаас үүдэлтэй хямрал" гэсэн олон тодотголтойгоор үлдэх бололтой. Бид өдөр бүр коронавирусийн талаарх мэдээлэл сонсож байсан , харин өнөөдөр энэ хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Халдварын голомт болсон Ухань хотыг хөл хорионд оруулснаар эхэлж байсан энэ он вакцинжуулалт эхэлснээр шувтрав. 

Халдвар хэрхэн тархав 


2019 оны сүүлд ДЭМБ-д үл мэдэгдэх өвчин тархсан гэж мэдээлсэн Хятадын Ухань хотыг хөл хорионд оруулав. Нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 11 сая хүн амтай Ухань хотыг бүрэн тусгаарласнаар вирус тархах явцыг зогсооно гэж үзэж байв. Энэ үед Уханьд энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 17 болсон байв. 



2020 оны нэгдүгээр сарын сүүлээр нөхцөл байдал хурдацтай хүндэрч, нэгдүгээр сарын 21-23-ны хооронд хоёр өдрийн дотор 139 халдвар илэрчээ. Үүний араас Өмнөд Солонгост нэг, Тайландад хоёр, Японд нэг бүртгэгдлээ. 


Нэгдүгээр сарын 20-нд АНУ-д анхны тохиолдол бүртгэгдэв. Ухань хотоос нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцсан иргэнээс шинжилгээ авахад коронавирус гэдэг нь батлагдсан юм. 


Энэ үед Хятад дахь халдварын тоо 570 болсон байв. Вирус мутацид орж, хурдацтай тархаж байгаа тул Хятад вирусийн голомт болсон Ухань хотоос гадагш гарах тээврийн урсгалыг бүхэлд нь зогсоов. 


Нэгдүгээр сарын 31-нд ОХУ-д анхны тохиолдлууд батлагдав. Нэг нь Хятадад байнга оршин суудаг иргэн, нөгөө нь Шанхайгаас Орос руу буцаж ирсэн хоёр хүнээс вирус илэрчээ. 


Цаашлаад коронавирусийн халдвар хурдацтай тархаж, гуравдугаар сарын 09 гэхэд дэлхийн 101 оронд халдвар бүртгэгдэн, халдвар авсан хүний тоо 105 586 болов.

Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан вирусийн халдвар хамгийн сүүлд, COVID-19 бүртгэгдээгүй манай гарагийн хамгийн сүүлчийн газар болох Антарктидад 2020 оны 12 дугаар сард коронавирусийн халдвар бүртгэгджээ. Антарктидад байх Чилийн судалгааны станцын 36 хүнээс коронавирус илэрсэн юм. 


Гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэв. Энэ нь манай улсад ажилладаг Францын иргэн байлаа. 

Дэлхий хөл хорионд оров 

Коронавирусийн дэгдэлтийн улмаас олон орон хилээ хааж эхэлсэн хавар аяллын хоёр хөлөг онгоц зангуугаа хаях эрхгүй, аль ч орон хүлээн авахгүйн улмаас зорчигчидтойгоо хамт далайд хөвөх болов. Эдгээрийн нэг болох 2,4 мянган зорчигч, хөлгийн багийн 1.1 мянган хүнтэй "Гранд принцесс" аяллын хөлөг онгоц дээр COVID-19 бүртгэгдсэний улмаас гуравдугаар сарын есний өдөр Америкийн Окленд хотын боомт дээр ирж, тэднийг цэргийн баазуудын нутаг дэвсгэр дээр тусгаарлав. Харин өөр нэг хөлөг онгоц болох, Японы Йокохама боомт дээр хоёр долоо хоногийн хөл хорионд орсон "Даймонд принцесс" халдвар аваагүй зорчигчдыг хоёрдугаар сарын 19-нд "чөлөөлөв".Энэ онгоцонд 3,7 мянган зорчигч аялж явсан юм. Аяллын үеэр Хонконгоос суусан 80 настай зорчигчоос COVID-19 илэрсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг дээр нийтдээ 520 гаруй хүн халдвар авчээ.

 
Коронавирусийн халдварын тохиолдол 50-д хүрсэн Израиль улс урьдчилан сэргийлэх тус улс руу ирсэн хүн бүрийг 14 хоног тусгаарлахаар болов. 
Өнгөрсөн хавар халдвараас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байсан Итали улсад хүн амынх нь дөрөвний нэг орчим буюу 16 сая хүн хөл хорионд орж байлаа. Энэ үед Италийн 7,3 мянга гаруй хүн халдвар авснаас 4,96 хувь нь нас барсан байсан юм.  
 
Амьсгалын замаар халдварладаг коронавирусийн халдвараас сэргийлэхэд хөл хорио чухлыг эрдэмтэд анхааруулж, дэлхий даяар өнгөрсөн хавар их бага хэмжээгээр хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүлж эхэлсэн байв. Энэ үед дэлхий даяар халдварын тохиолдол 111 мянга гаруй байлаа. 

“Цар тахал” хэмээн зарлав 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалт дэлхийн ихэнх орнуудад гарч, бүхий л тивийг хамарсан тул цар тахлын хэмжээнд очсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 12-ны өдөр зарлав. Энэ үед коронавирусийн халдварын 119 мянган тохиолдол бүртгэгдсэн байлаа. 


Экологийн үр дагавар 


Цар тахалтай холбоотойгоор тусгаарлалт, хөл хорио, хилээ хаах, үйлдвэрлэлийг хязгаарлах, улс орнуудын хоорондын агаарын харилцаа хязгаарлагдсан нь хүрээлэн буй орчны байдалд эерэг нөлөө үзүүлж эхлэв. Хятадад хөл хорио тавигдсанаас хойш эхний хоёр долоо хоногт хэрэглээний эрчим хүч, хүлэмжийн хийн хаягдал 25 хувиар буурчээ. Гэхдээ энэ нь түр хугацааны нөлөө бөгөөд цар тахал дуусч, эргэн хэвийн амьдралд орсон үед хүмүүсийн хэрэгцээ эрс өсөж, үүнийг дагаад үйлдвэрлэл нэмэгдэж магадгүй, энэ нь хүрээлэн буй орчинд илүү сөрөг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Түүнчлэн дэлхий даяар хэрэглэж буй нэг удаагийн бээлий, амны хаалтны хаягдал байгальд хаягдан, хэдий хэмжээний хог хаягдал үүсгэн, хор нөлөө үүсгэхийг одоогоор тааварлах аргагүй 

 

ВАКЦИН -НАЙДЛАГА 


Наймдугаар сард  ОХУ коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүртгэн авсан талаараа зарлав. “Спутник V” гэж нэрлэсэн энэ вакцины туршилтын шатууд дуусаагүй байхад яаран бүртгэсэн гэж олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. 


АНУ хэд хэдэн компанид вакцин боловсруулахад нь зориулж ихээхэн хөрөнгө зарцуулсан бөгөөд Америкийн Pfizer Германы BioNTech компаниудын хамтарсан вакцин, Модерна компанийн вакцинууд 12 дугаар сард бүртгэгдэв. 


Хятадад 11 вакцин боловсруулж байгаагаас дөрөв нь клиникийн шатандаа явж байгаа юм. Улмаар 12 дугаар сард Хятадын Синофарм компанийн үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакциныг АНЭУ албан ёсоор бүртгэсэн. Түүнчлэн энэ сард Бразил, Индонези, Мексик, Турк гээд олон улс руу БНХАУ вакцин нийлүүлж эхэлжээ. 
 

Түүнчлэн 12 дугаар сард БНХАУ,  ОХУ, АНУ,  Израиль болон Европын холбооны орнуудад вакцинжуулалт эхэлсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин