2020 оны хамгийн сонирхолтой ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТУУД
2020-12-30

2020 онд дэлхий даяар коронавирусийн цар тахлын улмаас олон салбар хүндрэлтэй нүүр тулав. Үүний нэг нь шинжлэх ухааны салбар юм. Олон улсын бага хурлууд олноор цуцлагдаж, томоохон төслийн оролцогчид эх орноосоо гарч, олон улсын багт оролцох боломжгүй болсон. Чухал эспедицүүд ч ажлаа амжуулж чадсангүй. Гэхдээ л цар тахлын үед ч олон сонирхолтой ололтууд гарсныг "Шинжлэх ухаан" сувгийн эрэмбэлснээр хүргэж байна.

 

V байр. Аварга том муур

Перугийн Наска элсэн цөл дэх уулын энгэр дээрээс археологичид аварга том муурын дүрс олсон юм. Энэ муурын дүрс 2000 гаруй жилийн настай гэнэ. Асар том энэ дүрсийг хэн, ямар зорилгоор бүтээсэн талаар олон таамаглал гарч байв. Зарим хүмүүс харь гарагийнхан ч үлдээсэн гэх.

Гэхдээ бичгэн дурсгал үлдээгүй, Өмнөд Америкийн индианчуудын үл мэдэгдэх ард түмний төлөөлөгчид энэ дүрсийг бүтээсэн гэж ихэнх археологичид үзэж байгаа юм. 

IV байр. Огторгуйн зураг 

Өнгөрч буй онд хүн төрөлхтөн рентген диапазоноор огторгуйн дэлгэрэнгүй, нарийвчилсан зурагтай болсон юм. Энэ зургийг Оросын "Спектр-РГ" одон орон судлалын төвд суурилуулсан Оросын АRT-XC болон Германы eROSITA дуран авайнуудаар авчээ. Дэлхийгээс рентген диапазоноор огторгуйг судлах боломжгүй байдаг бөгөөд учир нь агаар мандал хатуу рентген туяанаас биднийг хамгаалж байдаг аж. Харин рентген огторгуйн зураг нь одон орончдод тун чухал юм байна.

Үүний тусламжтайгаар бид хиймэл дагуулын чиглүүлэгч ашиглан газар дээгүүрх замаар явдаг шиг л оддын дундуур аялах боломжтой гэнэ. 


III байр. Мөхсөн үлэг гүрвэлүүдийн нууцыг тайлав

Бид хуурай газрын амьтдыг нь үлэг гүрвэл гэж нэрлэдэг, аварга том амьтад 66 сая орчим жилийн өмнө мөхсөн шалтгааны итгэл үнэмшил төрүүлэхүйц хувилбарыг энэ онд палеонтологичид болон геологичид олов. Италийн Падуи их сургуулийн эрдэмтэд Төв Атлантын магмат бүс дэх базальтаас илэрсэн магматын гаралтай нүүрсхүчлийн хийг судалсан бөгөөд энэ нь үлэг гүрвэлүүд мөхөхөд галт уул нөлөөлсөн гэх хувилбарыг батлах томоохон баталгаа болсон байна.

Асар том галт уулнууд нэгэн зэрэг олноороо оргилсноор  агаар мандалд зуу гаруй гигатонн нүүрсхүчлийн хий цацагджээ. 

Ингээр хүчтэй хүлэмжийн үр дгавар болон тэнгисийн ус эрс хүчиллэг болсноор аварга биетүүд амьд үлдэх боломжгүй болсон аж.

 

II байр. Сансар илүү ойр болов

2020 оны тавдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Флорида дахь Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн хөөргөх цогцолбороос жолоодлоготой Crew Dragon хөлөг бүхий Фэлкон 9 пуужин хөөрөв. Дараа өдөр нь НАСА-ийн сансрын нисэгчид болох Роберт Бенкен болон Дуглас Херли нар Олон улсын сансрын станцад хүрсэн юм.

Энэ үйл явдлыг дэлхий даяар чих тавин сонирхсоны учир нь сансарын салбар том гүрнүүдийн л хийдэг ажил биш болсон юм. Түүхэнд анх удаа хувийн компани болох Илон Маскийн Space X компани сансарт хөлгөө хөөргөж, нисэгчдийг хүргэж өгсөн нь энэ. 

Ийнхүү хувийн компанийг дэд гүйцэтгэгчээр ажиллуулах нь олон тэрбум доллар хэмнэж, хэмнэсэн мөнгөөр сар, ангарагтай холбоотой төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байгаа талаар НАСА мэдэгдэж байв.

 

I байр. Нейро сүлжээ биохимийн агуу асуудлыг шийдэхэд тусална

Арван жилийн туршид хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхээр ажиллаж буй олон улсын Диипмайнд корпораци 11 дүгээр сарын сүүлээр ээлжит ялалтынхаа талаар мэдэгдсэн юм.

Энэ удаад DeepMind AlphaFold  гэх нэртэй нейро сүлжээ уургийн молекулуудын орон зайн бүтцийг ихээхэн нарийвчлалтайгаар таамаглан хэлж сурчээ. Энэ даалгаврыг ихэнх эрдэмтэд биохимийн асар том асуудал хэмээн нэрлэдэг юм.

Уургуудын орон зайн бүтцийг найдвартайгаар загварчлах нь тэдгээрийн шинж чанаруудыг урьдчилан хэлэх боломж олгохын дэр хими, биологи, эмзүй болон бусад салбаруудад шинэ хуудас нээнэ гэж эрдэмтэд үзэж байна. 

Shuud.mn
Сонин хачин