БНХАУ хатуу хог хаягдал импортлохгүй
2021-01-04

Дэлхийн хог импортолдог гол улс гэдэг статусаасаа Хятад улс татгалзаж, хатуу хог хаягдлыг гадаад улс орнуудаас авахаа бүрэн зогсоож байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчны яам мэдэгджээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ руу ахуйн хатуу хог хаягдал зөөвөрлөн оруулахыг хориглох хууль энэ сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Гэхдээ энэ хоригт ган төмрийн хаягдал багтахгүй бөгөөд энэ төмрийг дахин боловсруулж, ашиглах зорилгоор импортолсон хэвээр байх гэнэ.

 

Хятад улс хоёрдогч түүхий эд болох хуванцар, цаас, металл зэргийг 1980-аад оноос эхлэн импортолж эхэлжээ. Ингэснээр тус улс ахуйн хатуу хог хаягдлын хамгийн том импортлогч улс болсон юм. 

 

2016 онд Хятад улс дэлхийн нийт ахуйн хатуу хог хаягдлын талаас илүү хувийг хүлээн авсан байна. Энэ нь нэг талаас Хятадын үйлдвэрүүдийг түүхий эдээр ханган, эдийн засгийн эрчимтэй өсөлтөд нөлөөлсөн ч нөгөө талаас бүх үйлдвэрүүд дахин боловсруулж, хог хаягдал устгах ажлыг сайн дураар гүйцэтгэж байгаагүйн улмаас экологид ихээхэн сөрөг нөлөө дагуулжээ. 

 

2017 онд өргөн цар хүрээтэй шалгалт хийхэд Хятадын үйлдвэрүүдийн 60 гарй хувь нь байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчиж байсан нь илэрсэн байна. Ингээд Хятадын эрх баригчид ахуйн хаягдлуудын шинэ төрөл зүйлүүдийг импортлохыг шат дараатай хориглож эхлэн, 2021 оноос хог хүлээн авахаас нэг мөр татгалзахаар шийдсэн юм. Ийнхүү бүрэн хориглосноор БНХАУ дотоодод байгаа хог хаягдлаа дахин боловсруулахад анхаарах ёстой болохын дээр хог хаягдлаа Хятад руу илгээдэг АНУ, Их Британи зэрэг орнууд хог хаягдлаа хэрхэх талаар нухацтай бодох шаардлагатай болж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин