Г.Дэлгэрмаа: Халдвар авсан хүмүүсийн ухамсар тархаах эсэхийг шийднэ

img

 

 

Цар тахлын энэ үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд, тэр дундаа коронавирусийн халдвар авч эдгэрсэн монгол иргэдтэй холбогдож  ярилцаж байгаа билээ. Энэ удаа АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг Г.Дэлгэрмаатай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Шинэ оны мэнд хүргэе.

 

-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе.

 

-Коронавирус цар тахлын улмаас нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Таны хувьд коронавирусийн халдвар аваад эдгэсэн. Эхлээд ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

 

-Эхлээд коронавирусийн халдвар авснаа мэдээгүй байсан./инээв/ Багшийн маань охин коронавирусийн халдвар авсан байсан бөгөөд өөрөө ч халдвар авснаа мэдээгүй юм билээ. Харин бид тухайн үед уулзаж таарсан. Ингээд би ч мөн халдвар авсан. Миний хувьд халдвар авсан эхний өдрөө хомхой долоосноос болж эрүүний булчирхай цочсон байсан. Гэхдээ үүнийгээ коронавирусийн шинж гэж чухалчилж үзээгүй. Багшийнхаа охиныг коронавирусийн халдвартай байсныг мэдээд шинжилгээ өглөө. Шинжилгээгээр коронавирусийн халдвартай болсон маань батлагдсан. Тодруулбал, коронавирусийн халдвар авсан тав дахь өдөр нь мэдсэн гэсэн үг. Надад халуурах ханиалгах гэх мэт олон нийтэд илэрч байсан шинж тэмдгүүд илрээгүй. Харин гурав дахь өдрөөс толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Халуурах шинж тэмдэг илрэхгүй байвал давуу талтай юм билээ. Тархи, зүрх судасны реакц өгч байгаа хүмүүсийн хувьд халуунаас нь үүсэж байгаа гэсэн.

 

АНУ-д коронавирусийн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үнэгүй шинжилгээ өгөх боломжгүй. Сайн дурын яаралтай шинжилгээ өгөхөд доод тал нь 50 долларын төлбөртэй байгаа. Хэрэв эрүүл мэндийн даатгалтай бол аппликейшн байдаг бөгөөд холбогдож коронавирусийн шинжилгээ өгөх хүсэлт гаргахад гэртэй чинь ойр байрлах шинжилгээний төвийг санал болгодог. Нэмж хэлэхэд ихэнх шинжилгээний төвүүд машинтайгаа тусгай хэсэгт ороод машинаасаа коронавирусийн шинжилгээ өгөхөөр зохицуулагдсан байдаг. Энэ санааг монголд хэрэгжүүлж болмоор санагдсан.

 

-Хүний нутагт коронавирусийн халдвар авснаа мэдэхэд хэцүү байсан байх?

 

-Тиймээ. Коронавирусийн халдвар авна гэж ерөөс бодоогүй. Учир нь бараг жилийн хугацаанд гадуур гаралгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж сэрэмжилж байсан. Шинжилгээний хариу гарч коронавирусийн халдвар авснаа мэдээд шоконд орсон. Коронавирусийн халдвар авсан олон хүн нас барж байна. Үхлийн аюултай өвчин учраас сэтгэл санаа хүнд байлаа. Мөн миний хувьд эх орноосоо хол хүний нутагт байгаа учраас бүр ч хүндээр хүлээж авсан. Тогтсон бүрэн эмчилгээгүй, вакцин ч гараагүй байсан. Гэсэн ч нэгэнт л халдвар авсан учир тухайн өвчний талаар илүү их судаллаа. Судлаад үзэхэд коронавирусээр өвчлөөд нас барсан хүмүүсийн гол шалтгаан нь тархи, зүрх, бөөр, судасны бөөгнөрөл байсан. Тодруулбал, их удаан өндөр халуурвал тархины төв мэдрэлийн системд нөлөөлнө. Улмаар мартамхай болох зэрэг олон сөрөг нөлөөтэй гэх мэдээлэл байсан. Миний хувьд огт халуураагүй учраас эрсдэл бага байсан.

 

-Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж өгсөн бэ?

 

-Эмнэлгээс ханиадны эм бичиж өгсөн. Халуурвал аспирин халууны эм уух, мөн витамин шингэн зүйл сайн уугаарай гэж зөвлөсөн.

 

-Гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа дархлаагаа дэмжиж ямар хоол хүнс хэрэглэж байсан бэ?

 

-Хоол хүнсний тухайд хэвийн идэж байсан зүйлээ л иддэг байсан. Би ер нь их ногоо жимс голчилсон эрүүл хооллодог. Харин шингэн зүйл маш их уусан. Өдөрт 5-6 литр шингэн зүйл уудаг байлаа. Мөн чацаргана, зөгийн бал их уусан. Мөн халдвар авсан эхний өдрүүддээ өөртөө дусал хийсэн. Энэ нь хүндрэлгүй хурдан эдгэхэд нөлөөлсөн. Цус шингэн байх тусмаа хурдан эдгэрдэг юм билээ. Мөн коронавирусийн халдвар сарьсан багваахайгаас дамжсан гэгддэг. Хошигнож хэлбэл, “Сарьсан багваахай наранд хатна” гэдэг шиг арьс хуурайшиж, цангасан, хатанга мэдрэмж төрдөг юм билээ. Тийм учраас дотроосоо ч гаднаасаа ч их чийглэг байвал хурдан эдгэдэг санагдсан.

 

-Хэд хоногт бүрэн эдгэрсэн бэ?

 

-Коронавирусийн халдвар аваад 10 хоногийн хугацаанд бүрэн эдгэрсэн.

 

-АНУ-д коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

 

-Одоогоор тодорхой хэрэгжүүлж буй зүйл байхгүй байна. Амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг сануулж, анхааруулж байгаа. Улсаас татвар төлөгч бүх иргэддээ эхлээд 1200$, сая 600$ санхүүгийн тусламж олгосон. Хоол, хүнс хүргэлтийн үйлчилгээнүүд улам ихэссэн байгаа. Монгол шиг гадуур цагдаа явж цагаан хоолойгоор сануулга өгөх, хөдөлгөөн хянах ямар ч арга хэмжээ байгаагүй. Ололттой зүйл нь коронавирусийн вакцин гарсан. Эхний ээлжинд эмнэлгийн ажилчдыг вакцинд хамруулаад дуусаж байна. Мөн иргэд сайн дураараа вакцин хийлгэж эхэлж байгаа.

 

Над шиг коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн хувьд вакцин хийлгэх шаардлагагүй. Учир нь эсрэг биет үүссэн гэсэн үг. Эсрэг биет нь 3-6 сар эсвэл насан туршдаа хамгаалах боломжтой. Харин коронавирус мутацид орж өөрчлөгдөж байгаа учраас шинэ төрөлд хэрхэн үйлчлэх нь судалгаа байхгүй байгаа. Гэхдээ эсрэг биет үүссэн ч гэсэн амны хаалтаа зүүж, гараа ариутгаж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.

 

АНУ-д оршин суудаг монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Монголчуудын хувьд өвчлөл багагүй байгаа. Чикаго хотод олон монгол хүн оршин суудаг. Шуудхан хэлэхэд ихэнх хүмүүс коронавирусийн халдвар авснаа нуудаг юм билээ. ДОХ, тэмбүү биш шүү дээ, нуух биш харин ч бусдадаа анхааруулж, бусдад халдаахгүй байхад анхаарах хэрэгтэй гэж боддог.

 

-Эх орондоо хэзээ ирэх вэ?

 

-Өнгөрсөн зун эх орондоо очих төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахлын улмаас шалтгаалаад очиж амжсангүй. Хөл хорио тавигдаад, хил нээхээр эх орондоо очно.

 

-Та бол коронавирусийн халдварыг ялж гарсан хүн. Тиймээс монголчууддаа хандаж зөвлөгөө өгөөч?

 

-Коронавирусийн халдвар авснаа мэдэхээр ямар ч хүн айна. Миний хувьд айгаад эх орноо санаад хямарсан. Эхний хямарсан хэд хоногт үнэрлэх, амтлах мэдрэмжээ хагас алдсан. Тайван байж дархлаагаа дэмжихэд биеийн байдал эргээд хэвийн болсон. Тиймээс та бүхэн аль болох сандарч, айхгүй байхыг хичээгээрэй. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, аливаа зүйлийг сайн талаас нь хараарай. Хэрэв та коронавирусийн халдварт өртсөн бол өөр хүнд халдвар дамжуулахгүй байхыг сайн ухамсарлах хэрэгтэй. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ухамсар тархаах эсвэл зогсоохыг шийднэ.

 

-Баярлалаа. Сайхан бүхнийг хүсье. 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ