Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэрийг дэмжиж байна уу

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод тогтооосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах саналыг хэлэлцлээ. Ингээд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс тав хоногийн хугацаагаар буюу нэгдүгээр сарын 11-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
Мөн энэ жил бүх нийтээр сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Баянгол дүүргийн иргэн Б.Даваа-Очир:
-Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв шийдвэр гэж бодож байгаа. Өдрөөс өдөрт нөхцөл байдал улам хүндэрч байна. Өдөр бүр шинэ тохиолдол, шинэ голомт үүсэж байгаа. Хэрэв сар шинийн баяр тэмдэглэж байгаад олон голомт үүсвэл эрүүл мэндийн байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байх. Харин одоо хатуу хөл хорио тогтоосон хэдэн өдөртөө багтаж голомтуудаа бүрэн хумьж ажиллах хэрэгтэй. Цар тахлын энэ үед хөл хориог чанад сахиж гэр бүлийн хүрээнд ёслоод өнгөрөөвөл эрсдэл бага байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Л.Батжаргал:
-Ахмад настангууддаа зочилж очдог болохоор хамгийн сайхан баяр. Өнгөрсөн жил ч гэсэн сар шинийн баяр тэмдэглээгүй. Энэ жил ч мөн адил тэмдэглэхгүй байх шийдвэр гарлаа. Төр засгийнхаа шийдвэрийг дагана. Ээж аав хоёртойгоо утсаар холбогдож мэнд мэднэ. Монгол ёс уламжлалаа хүндэтгэж гэртээ хүүхдүүдтэйгээ золгоно доо. Хурдан энэ өвчин намдаасай л гэж хүсэж байна. Ойрын хэдэн сардаа л багтаж голомтоо хумьж, вакцинд иргэдээ хамруулахгүй бол эдийн засаг маш хэцүү байна.
Баянгол дүүргийн иргэн Б.Соёлмаа:
-Олон хүн ам оршин суудаг нийслэл хотдоо л сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан бол зүгээр байсан байх. Харин орон нутаг уламжлалаа дагаж сар шинийн баяр тэмдэглэсэн зөв байсан. Хэдийгээр бүх нийтээр сар шинийн баяр тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасан ч зарим иргэд нууцаар нэгнийдээ зочлох зэрэг асуудлууд гарна. Үүнийг зохицуулах нь ч бас асуудалтай. Өнгөрсөн шинэ жилийн баяр шиг иргэд сар шинийн баяраа гэртээ тэмдэглэх цагаан идээ, ууц, хэвийн боов бэлдэж гадуур явбал хүндрэл үүснэ. Хэрэв сар шинийн баяр тэмдэглэж байгаад асуудал хүндэрвэл олон жилийн сар шинийн баярыг өнжих хэрэг гарах байх.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ