ДЭМБ: "Британи штамм" 41 оронд илэрсэн
2021-01-06

Анхлан Их Британид илэрсэн, халдварлах чадвар илүү өндөр коронавирусийн хувьссан штамм 41 орон, нутаг дэвсгэрт илэрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

 

Нэгдүгээр сарын тавны байдлаар энэ хувьссан штамм Британиас гадна өөр 40 улсад илэрсэн гэнэ. Түүнчлэн, анх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн өөр нэгэн хувьссан штамм зургаан оронд  илэрчээ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, 12 дугаар сарын 28-наас нэгдүгээр сарын гуравныг хүртэлх долоо хоногийн хугацаанд дэлхий даяар коронавирусийн халдварын тоо 4 035 226, харин нас баралт 76 017-оор нэмэгджээ.

 

Халдварын батлагдсан тохиолдлоор Хойд болон Өмнөд Америк 1 935 621 тохиолдолтойгоор тэргүүлж байгаа бол үүний араас 1 553 332 халдварын тохиолдолтой Европын бүс нутаг, гуравдугаарт 208 592 тохиолдолтой Зүүн Өмнөд Ази бичигдсэн байна. Харин нас баралтын тоогоор Европ тэргүүлж байгаа аж. Энэ бүс нутагт долоо хоногийн хугацаанд 32 898 хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин