Үл мэдэгдэх этгээдүүд Капитолийн ордныг онгоцоор мөргөнө гэж сүрдүүлжээ
2021-01-06

АНУ-д нислэгийн диспетчерүүд алан хядагчид байж болзошгүй этгээдүүдээс мэдээлэл хүлээн авснаа тусгай албадад мэдээлсэн гэж CBS мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үл мэдэгдэх этгээдүүд онгоц барьцаалан, түүгээрээ Капитолийн ордныг мөргөнө хэмээн сүрдүүлсэн байна. Энэ нь жилийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар алагдсан Ираны генерал Касем Сулейманигийн өшөөг авч байгаа хэрэг гэнэ. 

 

"Лхагва гарагт бид онгоцоор Капитолийн ордныг мөргөнө. Сулейманигийн өшөөг авна" хэмээн дуу бичлэгт өгүүлсэн талаар эх сурвалж дамжуулжээ.

 

Цагаан ордны тухайд ийм халдлага гарах магадлал багатай гэж үзсэн байна. Харин нислэгийн диспетчерүүд болон нисгэгчид хоорондоо харилцахад ашигладаг үелзлийг үл мэдэгдэх этгээдүүд олж авсан нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж. Энэ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй бөгөөд нислэгийн чиглэлээс хазайсан онгоц, эсвэл аливаа түгшүүрийн талаар нэн даруй мэдэгдэхийг нислэгийн диспетчерүүдээс хүсчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин