Путин Армени, Азербайжаны тэргүүнүүдтэй уулзана
2021-01-11

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай гурван талт хэлэлцээрийг Москва хотод зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр болох аж. Уулзалтаар 2020 оны 11 дүгээр сарын есний өдөр талууд Уулын Карабахын асуудлаар хийсэн хамтарсан мэдэгдлийн хэрэгжилтийн явц болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх боломжит алхмуудын талаар хэлэлцэх гэнэ.

 

Үүнээс өмнө Армени болон Азербайжаны тусгай албадын тэргүүнүүд хилийн дундын бүсэд уулзан, олзлогдогсодыг солилцох асуудлаар хэлэлцсэн талаарх мэдээлэл гарч байв.

 

Армени, Азербайжаны Аюулгүй байдлын албадын тэргүүнүүд хамгийн сүүлд 12 дугаар сарын 30-ны өдөр Москвад уулзжээ. Тухайн үед талууд Уулын Карабах дахь тулааныг зогсоох тухай мэдэгдлийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагын биелэлт болон хилийн аюулгүй байдал, алан хядах ажиллагаатай тэмцэх, ор сураггүй болсон хүмүүсийг хайх, олзлогдогсодыг солилцох болон  амиа алдагсдын цогцосыг хайх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

 

Карабахын сөргөлдөөн

Эргэн сануулахад Армени, Азербайжаны хоорондын газар нутгийн маргаантай Уулын Карабахд есдүгээр сарын сүүлээр олон жиллийн сөргөлдөөний үргэлжлэл дахин эхэлж, энгийн номхон иргэд олноор амь үрэгдсэн юм. Талууд эвлэрэх оролдлого хэдэнтээ хийсэн ч бүтэлгүйтсэн ч 11 дүгээр сарын 10-ы шөнө хийсэн гурван талт хэлэлцэл амжилттай болсон юм.

 

Оросын зуучлалтайгаар  Азербайжан, Армени улс гал зогсоож, олзлогдогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцохоор тохиролцсон юм. Түүнчлэн тулааны дүнгээр Кельбажар, Лачинск, Агдамын дүүргүүдийг Армени  Азербайжанд шилжүүлэн өгөхөөр болсон. Мөн сөргөлдөөний бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулсан юм.

 

Азербайжан энэ хэлэлцээрийг Армени бууж өгсөн хэрэг хэмээн нэрлэж, хэлэлцээр Азербайжанд ашигтайгаар эргэсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байв. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян энх тайвныг авчрах шийдвэр түүнд хүнд байсан ч Карабах алдаж болох байсан газар нутгийг хадгалж үлдсэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч Арменийн ард түмэн энэ алхмыг гутамшиг хэмээн үзэж байгаа бөгөөд хэлэлцээрийн дараагаас л Засгийн газрын тэргүүнээ огцрохыг шаардан эсэргүүцэл зохион байгуулж эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22