Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1 сая 200 мянга гаруй хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, халдвар гарсан зургаан аймагт мэргэжил арга зүйгээр хангах 10 багийг ажиллуулсан. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажилласан. Мөн 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган ажиллаа. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд халдваргүй бүс болоход ойрхон болжээ. Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гарахгүйгээр 18 гаруй хоног болсон байна. Цаашид халдвар гарахгүй 10 хоноход бүх аймгууд халдваргүй бүс болно.
Улаанбаатар хотод нөхцөл байдал өөр байна. Арванхоёрдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт гарсан. Уг халдварын голомт өргөн хүрээг хамарсан учир хатуу хөл хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 14 хонож байна. Харин маргаашнаас хөл хорионы дэглэм сулруулах болж байна.
Зарим иргэд өдөрт илэрч буй тохиолдлын тоо их байхад хөл хорионы дэглэм сулруулж байгааг шүүмжилж байгаа. Хөл хорионы дэглэм сулруулж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь зөвхөн өдөрт илэрч буй тохиолдлын тооноос хамаарахгүй. Мөн илэрч байгаа тохиолдлууд дөрвөн голомтоос үүсэж байгаа.
Нэгдүгээрт, Баянзүрх дүүрэгт маш том голомт байсан. Улаанбаатар хотод нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх дүүрэгтэй холбоотой голомт байсан. Өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн голомттой холбоотой илрэх тохиолдлын тоо эрс цөөрсөн. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой нэг тохиолдол бүртгэгдсэн.
Хоёрдугаарт, Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт байгаа. Уг голомт нь эмч, ажилчд, гэр бүлийн хавьтлаас илэрч байгаа. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Баянгол дүүргийн 5,6-р хороонд байрлах Ачтан эмнэлгийн ажилчдын байртай холбоотой голомт үүссэн. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Баянгол дүүргийн 5,6-р хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад нийт зургаан тохиолдол батлагдсан. Гэхдээ уг зургаан тохиолдол нь халдвар илэрсэн тохиолдлын хоёрдогч хавьтлаар бүртгэгдээд эхний шинжилгээнд хамрагдсан байсан. Давтан шинжилгээнд хамрагдаж батлагдсан.
Гуравдугаарт, "Тэнүүн Огоо" компанийн автобус баазтай холбоотой голомт бий. Уг голомттой холбоотойгоор ойрын хавьтал, хоёрдогч хавьтлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Тиймээс "Тэнүүн Огоо" компанийн голомтыг хяналтад авсан гэж ойлгож болно.
Дөрөвдүгээрт, "Мөнххада" компанийн голомт. Уг голомттой холбоотой ойрын болон хоёрдогч хавьтлуудыг хязгаарлан хяналтад авсан.
Улаанбаатарт нийт 70 мянган иргэнд буюу өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулсан. Баянзүрх дүүргийн нийт 95 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Тандалтын шугамаар эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, нийтийн тээвэр, худалдааны төв, хүнсний дэлгүүр зэрэг эрсдэл бүлгийг тогтмол шинжилгээнд хамруулж байна. Ингээд нийслэл хотын онцлогт тохирсон байдлаар тандалтыг зохион байгуулж ажиллаж байгаа. Коронавирустай амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох ёстой болж байна.
Өнөөдрийн байдлаар 41 оронд есөн өөр төрлийн үйлдвэрийн вакциныг 24 сая хүн амд хийгээд байна. ДЭМБ-аас 12-р сарын 31-нд Pfaizer-ийн вакциныг бүртгэж авсан.
Манай улсын хувьд дархлаажуулалтын хуультай. Уг хуулийн дагуу ДЭМБ бүртгэгдсэн болон хатуу эмийн зохицуулалттай улсад бүртгэгдсэн вакциныг авч хэрэглэх, нийт иргэдээ дархлаажуулах боломж байгаа. Дэлхий нийтэд Pfizer, Moderna, AstraZeneca үйлдвэрийн вакцин бий. Манай улсын хувьд вакциныг түргэвчилсэн байдлаар бүртгэх журмаа боловсруулаад баталсан. Үүний дагуу Дархлаажуулалтын үндэсний хороо, төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурал хийж Pfizer, Moderna, AstraZeneca үйлдвэрийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ. Вакцин эхний улиралд багтаж орж ирэхээр болсон. Вакцин орж ирэхээр нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилчдаас эхлэн вакцинжуулна. Мөн халдвар өртөх эрсдэлтэй, архаг суурь өвчтэй, ахмад настай хүмүүсээ вакцинд хамруулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ