"Ард түмний мэр" гэгддэг Якутск хотын дарга эмэгтэй огцорно
2021-01-11

Якутск хотын дарга Сардана Авксентьева албан тушаалаасаа огцрохоор болжээ. Энэ нь түүний эрүүл мэндийн байдал муудсантай холбоотой гэж тэрбээр Инстаграм дахь хуудсандаа нэгдүгээр сарын 11-ний өдөр бичсэн байна. 

"Манай гэр бүлийнхэн миний эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж байгаа. Хотын төлөө байнга сэтгэл зовж байсны улмаас стресст орж, улмаар эрүүл мэнд муудсан. Жилийн 365 өдөр 24 цагаар ажиллаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Маргааш эмнэлэгт хэвтэнэ, дараа нь мэс засалд орох юм. Тиймээс хүндэт ажил олгогчид минь намайг өршөөн явуулж, амьдралын шинэ шатанд минь амжилт ерөөхийг хүсье! " хэмээн тэрбээр бичжээ.

 

Тэрбээр өнөөдөр Якутын хотын думд өргөдлөө өгөх бөгөөд нэгдүгээр орлогч дарга Евгений Григорьевийг сонгуульд дэмжихийг иргэдээс хүссэн байна. Авксентьеваг эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч болзошгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард гарч байлаа. 

 

"Ард түмний мэр"

2018 онд Сахагийн нийслэлд хотын даргын сонгууль болж, энэ сонгуульд тухайн үед нэг их танил болоогүй Сардана Авксентьева ялалт байгуулсан юм.  Оросын эрх баригч "Нэгдсэн Орос нам"-ын нэр дэвшигчийг ялан гарч ирсэн нь Орос даяар ихээхэн анхаарал татаж байв. 

 

Түүнийг олон нийт болон хэвлэлийнхэн "ард түмний хотын дарга" хэмээн нэрлэдэг бөгөөд учир нь тэрбээр сонгогчдын санал бодлыг сонсохын дээр чухамхүү тэднийг өөрийнх нь ажил олгогч хэмээн нэрлэж байв. Авксентьеваг ажиллах үеэр хотын захиргаа илүү нээлттэй ажиллах болж, зам, орон сууц, байшин барилгын тохижилт зэрэг бодит асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна. 

 

Сонгогчидтой мессеж болон олон нийтийн сүлжээгээр харилцах эргэх холбоог үүсгэн, асуудлуудыг шийдвэрлэх, хэлэлцэхэд олон нийтийг татан оролцуулах болжээ. Авксентьева тэргүүлэх үед Якутскийн захиргаа хууль бус болон эргэлзээтэй барилгын объектуудын асуудлуудыг шийдвэрлэж байсан аж.

 

Хотын дарга болмогцоо тэрбээр урьд хожид сонсогдоогүй эрс шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Тухайлбал, сонгогдсоныхоо дараа л орон нутгийн захиргааны албан тушаалтнуудын өндөр өртөгтэй машинуудыг зарж, хотын өмчийг зүй зохистойгоор ашиглана хэмээн мэдэгдсэн. Ингээд хэд хоногийн дараа Японд үйлдвэрлэсэн өндөр үнэтэй машинуудыг зарж, оронд нь "УАЗ" машинуудыг ашиглах болжээ. Энэ шийдэмгий алхмын талаар Орос даяар шуугиж байв. 

 

Мөн хотын захиргааны ажилтнууд зардал ихтэйгээр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй, харин  сайн үйлс бүтээхийг уриалж байжээ. Хотын дарга бүх орлогчид хүүхдийн асрах газар, дотуур байр, ахмадын асрах газруудад шинэ жилийн баяр зохион байгуулах үүрэгтэй болсон гэнэ. Түүнчлэн тэрбээр чанаргүй зам тавьсан компанийнхны ажлыг хүлээн авахгүй, гэрээг цуцалж, мөнгийг нь олгохгүй хэмээн мэдэгдэж байсан нь мөн л олны анхаарлыг ихээр татаж байлаа. 


Бусад салбарт ч шинэ хотын дарга эмэгтэй шийдэмгий алхмууд хийсээр байв. Тухайлбал алдартай загвар зохион бүтээгч Ирина Крутикова "Өвөл Якутаас эхэлдэг" наадамд өндөр төлбөр авч оролцдог байсныг болиулжээ. Өмнөх хотын захиргаа энэ загвар зохион бүтээгчид 800 мянган рубль буюу монгол мөнгөөр 28.2 сая төгрөг төлдөг байсан гэнэ. Харин Сардана Авксентьева энэ мөнгө хотын дунд сургуулиудад агаар цэвэршүүлэгч авахад шаардлагатай гэж үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Зочин:
Манайд ийм хүн гараад ирвэл ямар нэг зүйлээр шалтаглаж шууд хорих юм уу, ямар нэг байдлаар үхэлд хүрэх байхдаа.
2021-01-14
Zochin:
Ene ch havxhlagaar halagdaj baigaa baih.Putin oros ulsad neg namiin daranguilal togtooj sorog huchniihniig havchin gaduurhah bodlogo heregjuulj baigaa.Odoo oros uls monhiin daranguilald orson.
2021-01-14
зочин:
якут гээд бгаа чинь манай сор монголчууд юм шүү,нууц товчоонд алунгоо эхийн тухай,далай тэнгэс гатлан ирсэн тухай,бдагдаа,,,,
2021-01-12
yes
2021-01-11
ds:
Manaid iim setgeltei darga bvl uls mud hugjiliin manlaid hureh n damjiggui busuu???
2021-01-11
yes