ОБЕГ: Газар хөдлөлт үргэлжилсээр байна

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр /2021.01.12/ 05.33 цагт хүчтэй газар хөдөлжээ. Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) нийт дөрвөн удаа буюу 05:52 цагт 5.2 магнитуд, 06:02 цагт 5.0 магнитуд, 06:22 цагт 4.5 магнитуд, 06:44 цагт 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлт одоо ч зогсоогүй үргэлжилсээр байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд "Нийт дөрвөн удаа чичирхийлэл мэдрэгдсэн. Эхнийх нь маш хүчтэй байлаа. Байшингууд шаржигнаж дугараад нэлээд хүчтэй хөдөлсөн" гэдгийг хэлэв.
Судлаач Н.Энхбаяр "АНУ-ын Газар хөдлөлийн Судалгааны байгууллагын боловсруулан гаргасан мэдээллээс үзвэл газар хөдлөлтийн хүчний тархалтыг дараах зургаар үзүүлжээ. Шар өнгөөр газар хөдлөлийн хүч Хөвсгөл нуурын орчимд шаталбарын 6-7-рт буюу “маш хүчтэй” гэсэн ангилалд, бусад аймаг, сумдын нутгаар газар хөдлөлтийн хүч бага байсныг харуулжээ. Газар хөдлөлтийн төвийг газар дор 20-40 орчим км-ын гүнд байсан гэж бүртгэгдсэн тул түүний тархах хүч нь сул байжээ" гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Дэлхий даяар болж буй газар хөдлөлтийг хамгийн шуурхай мэдээлдэг байгууллагууд бол АНУ-ын USGS болон Европын Холбооны газар хөдлөлийн судалгааны (EMCS-CSEM) байгууллага аж.
Газар хөдлөлтийн үед:
- Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
- Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
- Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
- Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
- Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ