Б.Жаргал: Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга орон нутагт өндөр хувьтай байна

Хөвсгөл аймгийн Ханх суманд үүссэн газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас барилга, байгууламжид эвдрэл үүсч буй талаар мэдээлэл ирсэн.

Энэ талаар МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Б.Жаргал "Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг рагаад үзлэг шалгалт хийгээд явж байгаа. Одоогийн ирсэн мэдээллээр Ханх суманд сургууль болон ЗДТГ-ын байрын хананд жижиг цууралт өгсөн. Аймгийн төвд долоон орон сууцны болон жижиг барилга байгууламжид жижиг замаск унах хагарах, цонх хаалга орчимд бага хагарал үүссэн гэх мэдээлэл ирсэн. Бусад аймгуудын хувьд одоогоор ноцтой эрсдэл гараагүй. Үзлэг үргэлжлээд хийгдэнэ
Монгол Улсад 130 гаруй мянган барилга ашиглагдаж байгаа. Жилд 1000-1500 барилга шинээр нэмэгддэг. Нийт барилгын 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн бат бөхийн стандарт гараагүй байхад баригдсан нь Улаанбаатар хотод 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь байдаг. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн эрсдэл өндөртэй, ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон нутагт 16.6 хувь, Улаанбаатарт 2.1 хувь гэсэн тоо байгаа.
Жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагаас системтэйгээр сургууль, цэцэрлэг, орон сууц, үзвэр үйлчилгээний барилгуудад шалгалт хийгээд холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага 2006-2020 онд газар хөдлөлтийн тэсвэргүй 3820 барилга дээр иж бүрэн шалгалтыг хийж буулгах, дахин бэхлэх, хүчитгэх, дахин төлөвлөлтөд оруулах гэх зэрэг дүгнэлтүүдийг гаргаад Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн. Тодорхой ажлууд хийгдээд явж байгаа" гэлээ.
Одон, орон, геофизикийн хүрээлэнгээс Хөвсгөл аймгийн Ханх суманд одоо ч газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байгааг анхааруулсан.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ