Ж.Дамдинсүрэн: Улаанбаатарт дуут дохио дуугаргах хэмжээний чичирхийлэл үүсээгүй


Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн тул гамшгаас хамгаалах дуут дохио дуугаргаж мэдээлээгүй гэх шүүмжлэл гараад байна. Үүнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн "Улаанбаатар хотод барилга, байшин нурах хэмжээний өөрөөр хэлбэл дуут, дохио өгөх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй. Гэтэл ийм үед гамшгаас хамгаалах дуут дохио дуугаргавал иргэд айж сандарч төлөвлөөгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй" гэж хариуллаа.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах ЖУРАМ:
"Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл" гэж хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийтийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн хэрэгсэл (цаашид "зарлан мэдээллийн хэрэгсэл" гэнэ)-ээр нэн даруй хүргэхийг хэлнэ.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараах байдлаар ангилна:
- Гамшгийн аюулын тухай дохио;
- сэрэмжлүүлэх мэдээлэл.
"Гамшгийн аюулын тухай дохио" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэхийг хэлнэ.
"Сэрэмжлүүлэх мэдээлэл" гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор зарлан мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлэхийг хэлнэ.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг төрлөөр нь дараахь байдлаар ангилна:
- бүх нийтийн;
- хэсэгчилсэн.
"Бүх нийтийн зарлан мэдээлэл" гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг орон даяар зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.
"Хэсэгчилсэн зарлан мэдээлэл" гэж сум, дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ