Өмнөд Африкийн штамм Германд илэрчээ
2021-01-13

2020 оны 12 дугаар сарын дундуур Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ штамм Германд илэрчээ. Энэ талаар Баден-Вюртемберг мужийн Нийгмийн бодлого, холбооны яам мэдээлснийг ТАСС дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ӨАБНУ-аас Баден-Вюртембергт 12 дугаар сарын 13-ны өдөр ирсэн гэр бүлийн гишүүдээс вирусийн шинэ штамм илэрчээ. Тэд бүгд тусгаарлагдсан байгаа гэнэ. Гэр бүлийнхэн ирснээсээ тав хоногийн дараа коронавирусийн тест өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Гэвч үүнээс хэд хоногийн дараа өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч эхэлсэн байна. Өвчний шинж тэмдэг түрүүлж илэрсэн гэр бүлийн нэг гишүүнийн давтан шинжилгээг лаборатори руу илгээхэд Өмнөд Африкийн штаммаар халдварласан гэдэг нь тогтоогджээ.

 

Эргэн сануулахад, 2020 оны 12 дугаар сарын дунд үед ӨАБНУ-д коронавирусийн шинэ штамм илэрсэн юм. Өмнө нь тус улсад илэрч байгаагүй энэ вирусийг  501.V2 гэж нэрлэсэн байна. Тус улсад коронавирусийн хоёр дахь давалгаа гарсан нь чухамхүү энэ хувьссан штаммтай холбоотой байж болзошгүй гэж ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд онцолж байв. Энэ штамм нь Их Британид анхлан илэрч, улмаар бусад орнуудад илэрсэн коронавирусийн мутациас өөр юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин