Авлигын хэрэг нийслэлд хамгийн их бүртгэгджээ
2021-01-13

 

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагаас мэдээлэл хийлээ. 

 

Улсын Ерөнхий прокурорын газрын олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа:

 

1.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын тоон мэдээ:

 

Прокурорын байгууллагаас 2020 онд 31 байгууллагын 1775 зөрчлийн хэрэг эрх бүхий албан тушаалтны ажиллагаанд хяналт тавьж ажиллаа. Хяналт тавьсан зөрчлийн хэрэг 26,1 хувиар өссөн. Нийт зөрчлийн хэргийн 75,4 хувь нь нийслэлд, 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.  Хяналт тавьсан нийт зөрлийн хэргийн 97,3 хувийг нь цагдаагийн байгууллагаас шалгасан. 

 

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт өмнөх оноос 2 хувиар өссөн.  Үүнээс  99 хувийг нь шийтгэл оногдуулж, 0,8 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 0,1 хувийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

 

Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн. Учир нь  Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсээс телекамерын хяналтаар илрүүлж  шийдвэрлэсэн зөрчлийг прокурорын хяналтад  бүртгэдэг болсонтой холбоотой. 

 

Эрх бүхий албан тушаалны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хянаад, хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлт өнгөрсөн оноос  4,7 дахин өссөн.  Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт буурч, зарим төрлийн зөрчлийн хэргүүд багагүй хувиар өссөн байна.  Тухайлбал, камын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил  өмнөх оны мөн үеэс 1 хувиар, хулгайлах зөрчил  40 хувиар тус тус буурсан.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12 хувиар,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил  2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.4  дахин өссөн. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2019 онд 14 бүртгэгдэж байсан бол  2020 онд 1432 гарч 102 дахин өссөн байна.

 

Прокурор Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үеэр 1580, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр 700 Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж  шийдвэрлэсэн.  Прокуророос зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах чиглэлээр олгосон зөвшөөрөл 3,2 дахин өссөн байна. 

 

Нийт олгосон зөвшөөрлийн  1411 буюу 58.2 хувийг нь хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх зөвшөөрөл олгосон нь хамгийн өндөр хувьтай байна. Түүнчлэн орон байранд үзлэг хийх, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах  зэрэг ажиллагаанд зөвшөөрөл олгосон байна. Прокурор эрх бүхий байгууллагад хийсэн хяналт, шалгалтын явцад илрүүлсэн зөрчил 46,8 хувиар өссөн.  Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 69 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр  285 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.

 

2. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон үзүүлэлт:

 

Хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 8,4 хувиар буурсан. Гэмт хэргийн талаарх 68612 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь  өнгөрсөн оноос 6265-р буюу 8,4 хувиар буурчээ. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 73.3 хувь нь Нийслэлд, 26,7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хяналт тавьсан хэрэг бүртгэлт явуулсан хэрэг 17,4 хувиар буурч, эцэслэн шийдвэрлэлт 11,1 хувиар өссөн байгаа.  Хяналт тавьсан мөрдөн байцаалт явуулсан хэрэг 1,8 хувиар буурч, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,2 хувиар өссөн байна.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан  68,1 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2,6 хувийг хэрэгсэхгүй болгож, 0,5 хувийг түдгэлзүүлж, нийт 70,7 хувийг эцэслэн шийдвэрлэжээ. Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 2,1 хувиар буурч, ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 6,6 хувиар өсжээ. Өнгөрсөн онд нийт гэмт хэргийн гаралт буурсан нь хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой. 

 

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөлт 11,1 дахин, хор уршгийг арилгуулсан байдал 8,3 дахин өслөө. Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.314.306.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 265.328.965.722 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744  төгрөгийн хор уршгийг арилгуулжээ. Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн дийлэнх хувийг Хулгайлах, залилах гэмт хэрэг эзэлж байна. 

 

Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг 6 хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,2 дахин өсчээ. Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 3 хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.  Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.

 

Авлигын хэргийн 82,9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

 

Мөнгө угаах 129 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан 20,9 хувиар, 88 хэрэгт буюу 68,2 хувийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь 36,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг угаасан хэрэг нийт мөнгө угаах гэмт хэргийн 13,9 хувийг эзэлж байна.

 

Прокуророос хяналт тавьсан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 5,7 хувиар буурчээ. Мөрдөн байцаалт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 15,9 хувиар буурсан боловч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх онтой ижил төвшинд байна.

 

Прокуророос хяналт тавьсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 17 хувиар буурчээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-29 насныхан байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн 93,4 хувь нь эрэгтэй, 85,1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

 

Хяналт тавьсан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 37 хувиар өсжээ. Нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 44,5 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зэрэг  хэргүүд  эзэлж байна.

 

2020 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 76.884 гэмт хэргийн улмаас нийт 55.815 хүн хохирсны  3,9 хувь нь хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өмнөх оноос 12,9 хувиар буурсан байна. 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд  хүн худалдаалах нийт 34 хэрэгт  бүртгэгдсэн байна. Хүн худалдаалах гэмт хэргийн  8,8 хувь нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2351 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 21,2 хувиар буурсан байна. Эдгээр хэргийн 63,5 хувь ньнийслэлд, 36,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хяналт тавьсан хэргийн 41,2 хувьд нь прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2020 онд хийсэн ажил, гарсан үр дүн:

 

Төрийн байгууллагуудаас 1 их наяд 272 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1796 хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн нь 32 хувиар өсжээ. Прокурор өөрийн санаачилгаар 587.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 618 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь 5,1 дахин өссөн байна.

 

Прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалах нийт 504 иргэний хэрэгт оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

 

4. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:

 

Хяналт тавьсан цагдан хоригдсон этгээдийн тоо 6 хувиар, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 22,5 хувиар буурсан байна. Ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 3020 зөрчил илрүүлжээ. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр 151 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 79 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна.

 

5. Бусад ажлын чиглэлээр:

 

Прокурорын байгууллагад хүлээн авч, шийдвэрлэсэн гомдол, хүсэлт, мэдээлэл 2,9 хувиар өссөн.  

 

Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос бичгээр болон тусгай дугаарын утсаар, санал гомдлын хайрцгаар прокурор, ажилтны сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нийт 279 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оноос 24 буюу 8,6 хувиар өссөн байна.

 

 

Нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан нь 26,6 хувиар буурсан. Энэ хүрээнл  47 прокурорт сануулах, 28 прокурорт  албан тушаалын цалингийн хэмжээ бууруулах, 2 прокурорт  зэрэг дэв бууруулах, 3 прокурорт  ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Прокурорын байгууллагаас олон нийтэд хүргэсэн мэдээ, мэдээлэл 27,2 хувиар өссөн.  Хэвлэлийн мэдээ 448, ярилцлага 52, нэвтрүүлэг 12, подкаст 24, видео шторк 39, мэдээллийн хуудас 77, хэвлэлийн бага хурал 5 удаа зохион байгуулж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин