Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг зөвлөж байна
2021-01-13

 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч Д.Оюунгэрэл: 

 

-Хавьтлын илрүүлэг тандалт гэдэг нь хүн амын дунд халдвар дамжин тархахаас сэргийлэх зорилгоор халдварт өртсөн байж болзошгүй хүмүүсийг тодорхойлох үнэлэх удирдах системтэй үйл ажиллагааг хэлнэ. 

 

Ойрын хавьтал гэдэг нь шинж тэмдэг буюу вирус илрэхээс өмнөх 2 хоногт эсвэл вирус илэрснээс хойш 14 хоногийн хугацаанд  1,5 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд уулзсан, гэр бүлийн гишүүд, нэг өрөөнд хамт ажиллагсад, нэг тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг хэлнэ. 

 

Монгол Улсын хэмжээнд дотоодын халдвар 640 тохиолдол бүртгэгдээд байгаа.  Уг тохиолдлуудын ойрын хавьтал болох 3200 гаруй, хоёрдогч хавьтал 21 мянга гаруй иргэнийг тандалт судалгаагаар тогтоож шинжилгээнд бүрэн хамруулсан. 

 

Ойрын хавьтлыг 24 цагийн дотор илрүүлж, яаралтай тусгаарлах,  ажиглан тусгаарлах байранд 7 хоногийн эрүүл мэндийн тандалт хийнэ. 

 

Эрүүл мэндийн тандалтаар шинж тэмдэг илэрвэл сэжигтэй тохиолдол гэж үзэж, эмнэлэгт тусгаарлан халдварыг баталгаажуулах шинжилгээ авна.  Ажиглалтын хугацаанд тодорхой давтамжтай шинжилгээ хийнэ. 

 

Хоёрдогч хавьтал гэдэг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьталтай уулзсан хүнийг хэлнэ. Мөн 14 хоногийн хугацаанд тусгаарлаж шинжилгээ хийнэ.  Иргэд та бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байх, гэртээ зочин урихгүй байх, айлуудаар зочлохгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн угаахыг зөвлөж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин