Жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулахаар тусгажээ
2021-01-13 20:37

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

 

 

Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явуулав.

 

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн зүйл, заалт бүрээр асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт, тайлбарыг өгч байлаа. Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн зарим зүйл, заалтад тайлбар хийлээ. Тухайлбал, цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрлийн журмаар зохицуулах, хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх, ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зүйлүүдэд тайлбар өглөө.

 

 

    Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм.  

 

    Хуралдааны төгсгөлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.

 

  Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар чуулганы хуралдаанд шилжүүлэхээр боллоо.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин