С.Бямбацогт: Шүүхийн хараат бус байдал нь эдийн засгийн хараат бус байдлаас эхэлнэ
2021-01-13


Ажлын хэсэг байгуулав

    Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

    Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.26-д бэлгийн дарамт учруулах гэсэн зүйлийг нэмж оруулах саналтай байгаа гэв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцаанд оролцогч аль нэг тал нөгөө талдаа бэлгийн харилцаанд орохыг тулгах, энэ сэдлээ ямар нэг хэлбэрээр илэрхийлэх, давуу байдал бий болгох нөхцөл тавьж дарамт учруулахыг хориглох зохицуулалт тусгасан бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагын зохицуулалтыг Зөрлийн тухай болон Эрүүгийн хуульд заалт болгон тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Тодруулбал, ажил албаны хамааралтай этгээдэд бэлгийн харилцааны шинжтэй үйлдлээ үгээр, биеэр, цахим болон бусад хэлбэрээр илэрхийлж, эсхүл хууль бус давуу байдал бий болгож дарамт учруулсан бол хүнийг 1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад суулгах, 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг Зөрчлийн тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн тохиолдолд оногдуулах хариуцлагын зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчлэн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, хувийн бичиг баримтын эх хувийг шаардан авч барьцаалсан албан тушаалтан, аж ахуйн нэгжид торгууль оногдуулах, Үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг зөрчсөн тохиолдолд, ажил хаялтад оролцох эрхийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хамтын хэлэлцээ хийх явцад хөндлөнгөөс оролцох, эсхүл саад учруулсан бол торгууль оногдуулах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн 24 заалт бүхий төслийг боловсруулжээ. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд томьёоллын хувьд өөрчлөгдөж байгаа ч торгуулийн хэмжээ хэвээрээ байгаа гэдгийг тэрбээр дурдав.

 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажил олгогчдод ихээхэн хүндрэл учруулахуйц зохицуулалтууд туссан байгааг зарим гишүүн шүүмжлээд, ажлын хэсэг дээр нягталж ярилцах саналыг хэлж байв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг анхаарах шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хэлж, санал хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, мөн ажил, хөдөлмөр эрхлэгчийг ч ингэж ялгаварлахгүйгээр хууль тэгш үйлчилдэг байх зарчмыг баримталсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарласан. Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тохиолдолд албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх Эрүүгийн хууль дахь хоёр заалт, мөн Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар л хариуцлага тооцдог гэдгийг тодруулсан юм. Хөдөлмөрийн тухай хууль нь бүх талын оролцоог хангаж, нийгмийн зөвшилцлийн дүнд боловсруулж, баталдаг онцлогтой гэдгийг тэрбээр тайлбарласан.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгыг хийсний дараа төслийг нягтлан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.

 

    Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар ажиллаж, хоёр удаа хуралджээ. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол дахь хууль тогтоомжийн жагсаалт бүрэн туссан эсэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, зорилгуудыг туссан эсэхийг нягталсан болохыг танилцуулгадаа дурдав. Ингээд 11 хууль тогтоомжийг төсөлд нэмж тусгах, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах, 29 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөх саналыг боловсруулжээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, давхардсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах бодлогын баримт бичгийн төрөлд нийцээгүй 14 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлэхээр тусгасан ч тухайн ондоо өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөн, 2021 он болгосон байна.

 

    Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус тус танилцуулсан юм.

 

    Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 27 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

 

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ажлын хэсгийн танилцуулгыг танилцуулсан юм.

 

    Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах саналыг тус тус гаргажээ. Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шилжүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг мөн боловсруулжээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэв.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим зүйлийг тодруулж, хариулт мэдээлэл авав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэвэрийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтыг чуулганы анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээгүй. Ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр шүүгч нарын зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Ингээд хэлэлцүүлгийг явцад бие даасан институтийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүссэн талаар ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн тайлбарлалаа. Ингээд төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн 35 хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан гэв.

 

    Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 4 дүгээр зүйлд “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай асуудлыг болон Засгийн газрын улс төрийн шийдвэрийг хянан хэлэлцэхгүй” гэсэн агуулга бүхий 4.2 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Төслийн 25 дугаар зүйлд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэсэн агуулгатай 25.8.8 хэсэг нэмэхийг гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

    Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад гишүүдийн олонх буюу 91.7 хувь нь дэмжлээ. Иймд холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр  төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Шүүх хэнээс ч хараат бусаар шударга ёс тогтооно. Эдийн засгийн баталгаатай, нийгмийн асуудлаа шийдүүлж байж шударга ёсыг тогтооно. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа гэдгийг онцоллоо.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин