Баянзүрх дүүргийн 17-р хороонд хөл хорио тогтоолоо
2021-01-14

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01  дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон талаар  мэдээллээ. 

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан: 

 

-Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн заавар зөвлөмжийн дагуу шийдвэр гарч 2021 оны 01  дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчлэн хааж, иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулна.  

 

Энэ хугацаанд хорооны нутаг дэвсгэр дээр  тогтмол дөрвөн шинжилгээний цэгийг ажиллуулна. Үүнд 79-р сургуулийн 1-р байр, 17-р хорооны иргэд нийтийн танхим, 21-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр зэрэг цэгээр болон явуулын цэгүүдээр шинжилгээ авахаар шийдвэрлэлээ. 

 

Мөн энэ хугацаанд 17-р хорооны голын зам буюу шар хадны замаар тээврийн хөдөлгөөн зорчих боломжгүй. Автобусны хотоос явж байгаа чиглэлийн хөдөлгөөн Эрдэнэтолгойн автобусны буудлаас буцахаар болж байгаа. Тиймээс иргэд та бүхнийг өөр зам сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Шинжилгээний өдрүүдэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг даган биелүүлж, өмнө нь коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байсан ч дахин шинжилгээнд хамрагдах шаардлагатай. 

 

Энэ хугацаанд хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сан, дэлгүүр, хүнсний худалдаа, шахмал түлш, худагны үйл ажиллагаа хэвийн байна. Иргэд та бүхнийг заавар зөвлөмжийн дагуу шинжилгээнд бүрэн хамрагдахыг уриалж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин