АНУ: Эхийг нь хөнөөж, нярайг авч зугатсан эмэгтэйд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ
2021-01-14

АНУ-д 70 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй гэмт хэрэгтнийг цаазалжээ. Ийм шийтгэлийг нэн ховор тохиолдолд гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн эрэгтэй хоригдлууд цаазлуулдаг байна. Гэвч Лиза Монтгомерид шүүгчид өршөөлтэй хандсангүй. Нэгдүгээр сарын 12-ны үдэш түүнд үхлийн тарилга хийжээ. 

 

Түүний түүхд олон хачирхалтай мөчүүд бий. Үүний нэг нь, ялыг гүйцэтгэхээс өмнө гэмт хэрэгтэн эмэгтэйг аврах гэсэн оролдлого. Тодруулбал, Индиана мужийн шүүх ялтан эмэгтэйн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзсэний улмаас цаазын ялыг хойшлуулжээ.

 

Монтгомеригийн өмгөөлөгч үйлчлүүлэгч нь сэтгэцийн өвчинтэй, тухайн мөчид өөрт нь юу тохиолдож байгааг огт ойлгодоггүй гэж батлахыг хичээдэг байжээ. Өмгөлөгчийн өгүүлснээр эмэгтэй төрөлхийн тархины гэмтэлтэй гэнэ. Шүүгч Хэнлон өмгөөлөгчийн энэ үгийг сонсон, дараагийн хэлэлцүүлэг хүртэл цаазын ялыг хойшлуулах шийд гаргасан байна. Гэвч Дээд шүүх энэ шийдвэрийг хэрэгссэнгүй, цаазын ялыг гүйцэтгэжээ. 

 

Амьтанд хайртай нэгэн 

52 настай Лиза Монтгомеригийн хувь тавилан тун эмгэнэлтэй. Хүүхэд ахуйд нь хойд эцэг нь түүнийг дарамталж, олон жилийн туршид хүчиндэж, охины сэтгэлзүйд том шарх үлдээжээ. Харин 2004 онд Лиза 36 настайдаа 23 настай Мэри Жо Стиннетийг хөнөөсөн байна. Өөр нөхцөлд байсан бол Монтгомерид цаазын ял оноохгүй ч байсан байж мэдэхээр. Гэхдээ түүний гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл хэт олон байсан гэнэ.

 

Лиза амь хохирогчтой рэт-терьер үүлдрийн ноход сонирхогчдын форум дээр танилцжээ. Хохирогч Мэрийг нөхөр Бобби энэ төрлийн нохой үржүүлдэг байсан гэнэ. Танилцах үедээ Лиза өөрийгөө Дарлин Фишер гэж таницуулжээ.Интернэтээр харилцах хэдэн сарын явцад бүсгүйчүүд нөхөрлөсөн гэнэ. Энэ үеэр Мэри өөрийгөө жирэмсэн гэж ярихад Лиза ч мөн "жирэмсэн" хэмээн хэлжээ. 2004 оны 12 дугаар сард Лиза гөлөг үзэхээр Мэригийнд очихоор тохиролцож, 300 км зам туулан Миссури мужийн Скидмор хотод ирсэн байна. 

 

Үхлийн босгон дээр

Гэрийнх нь босгон дээр Лиза Монтгомери ирэх тэр үед Мэри найман сартай жирэмсэн байв. Цахимаар нөхөрлөсөн найз нь ийм хурдан ирнэ гэж тэр төсөөлсөнгүй. Дээр нь тэр жирэмсэн биш байв. Үүнийг нь харсан Мэри болгоомжилсон ч шинэхэн танилаа гэртээ оруулжээ.

 

Лиза төд удалгүй Мэри рүү олс барин дайрч, хүзүүгээр нь ороон боож эхэлжээ. Залуу бүсгүй ухаан алдмагц Лиза хутгаар гэдсийг нь зүсэн, ургийг нь аван зугтсан байна. Ингээд Мэри цус алдан нас баржээ.

 

Цагдаагийнхан Дарлин Фишер гэж хүн байхгүйг тэр дор нь тогтоож, Мэритэй харилцаж байсан зурвасны IP хаягаар алуурчныг олсон байна. Лизагийнд цагдааийнхан ирэхэд нярай хүүхэд олдсон бөгөөд охин эрүүл саруул байжээ. Анхандаа өөрийнх нь охин гэж мэдүүлж байсан ч хэдэн цагийн дараахан аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Түүнийг шүүх хурал гурван жил орчим үргэлжилж, 2008 онд Лиза Монтгомериг Техас мужийн эмэгтэйчүүдийн хорих анги руу шилжүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин