Хөвсгөл аймгийн Ханх суманд найман удаагийн давтан чичирхийлэл дахин мэдрэгджээ
2021-01-14

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, 2020.01.13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

 

Тодруулбал тус сумын Ходон багийн “Нуурт" гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагджээ.

 

Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж ажилласан байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин