Москвагийн дунд сургуулиуд хичээллэж эхэлнэ
2021-01-15

ОХУ-ын нийслэл Москва хотын дунд сургуулийн сурагчид ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 18-ны өдрөөс дахин танхимын сургалтаар хичээллэхээр болсон талаар Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Бусад хязгаарлалтууд дахин долоо хоногоор сунгагдсан ч тун удахгүй сулруулж магадгүй гэнэ. 

 

Сурагчид хэвийн хичээллэнэ 

Нэгдүгээр сарын 18-ны даваа гарагаас эхлэн дунд сургуулиудын бүх сурагчид сургуульдаа эргэн орох юм байна. Хичээлэх явцад коронавирусийн халдвар гарсан тохиолдолд халдвар ганцхан бүртгэгдсэн ч бүх ангийг хөл хорионд оруулж, түр хугацаанд алсын зайн сургалтад шилжүүлэх зохицуулалтыг хийжээ. 

 

Харин коллеж болон их дээд сургуулиуд энэ сарын 21 хүртэл алсын зайн сургалт болон амралтын горимтой байх аж.

 

Бусад арга хэмжээ

Москвад халдварын дэгдэлтийг хумих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дунд байгууллагуудын ажилтнуудын 30-аас доошгүй хувийг алсын зайнаас ажиллуулахыг ажил олгогчдод үүрэг болгосон бол ахмад настнууд гэрээсээ гарахгүй байх журам гарсан. Мөн зоогийн газар, баарууд 23.00 цаг гэхэд хаалгаа барих ёстой байв. Түүнчлэн байгууллага болон олон нийтийн газраар зорчсон иргэдийг бүртгэх систем ч үйлчилж байсан юм. Эдгээр хязгаарлалтууд нэгдүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох ёстой байсан ч дахин 7 хоногоор сунгажээ. Долоо хоногоор сунгасан шалтгаан нь чухамхүү хугацаанд Москва дахь халдварын нөхцөл байдлын зураглал гарна гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

 

Хэтийн төлөв

Москва хотын дарга Собянины онцолсноор тун удахгүй Оросын нийслэл дэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж магадгүй гэнэ.

"Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын өдрүүдэд Москва дахь халдвар дэгдэлтийн чиг хандлага тодорхой болно, ингэснээр илүү урт хугацааны шийдвэр гарах юм. Нөхцөл байдал дордохгүй, өвчлөлийн өнөөгийн түвшин тогтворжвол бид дахин хэд хэдэн хязгаарлалтыг цуцлах боломжийг авч хэлэлцэнэ" хэмээн Собянин мэдэгджээ. 

 

Мөн эмч нарын зөвлөгөөг биелүүлж, хувийн хамгаалалтын хэрэгслээ ашиглан, хүн хоорондын зай баримтлах, вакцинжуулалтад хамрагдах эсэх шийдвэр гаргахыг уриалсан байна.

 

"Вакцинжуулалтад хамрагдах шийдвэрээ бүү хойш тавиарай. Бид вирусээс хамгаалах дархлааг хамтдаа хэдий чинээ хурдан бүрдүүлнэ төдий чинээ хурдтайгаар хэвийн амьдралдаа эргэн орно" хэмээн Собянин мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ОХУ даяар тэр дундаа Москва хотноо өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур вакцинжуулалт эхлэн, нэн тэргүүнд хамрагдах эмнэлгийн ажилтнууд  өндөр настан зэрэг хүмүүсийг тарилгад хамруулж байгаад шат дараатайгаар бусад бүлгийн хүмүүсийг ч урьдчилан сэргийлэх ажилд хамруулах болсон юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт бүх нийтийг вакцинжуулах үүрэг өгсөн бөгөөд дотоодын вакцин үйлдвэрлэлт төлөвлөснөөсөө их хэмжээний тун үйлдвэрлэн гаргаж байгаа тул ийнхүү олон нийтийг вакцинд хамруулах боломжтой болсон байна. ОХУ-д вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
arf:
orsiigool duitaij tenegtendee
2021-01-15