Картын дугаараа нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэхгүй бол түлш худалдаалахгүй
2021-01-15 09:52

Сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн картын бүртгэлийг 2020 оны арванхоёрдугаар сараас борлуулалтын цэгүүдээр дамжуулан хийж эхэлсэн байна. 

 

Өөрөөр хэлбэл сайжруулсан түлш худалдан авах "Сайн" картыг тухайн өрхийн гишүүдийн иргэний үнэмлэхтэй холбон мэдээллийг баталгаажуулах ажлыг "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын ажилтнууд шахмал түлшний гэрээт борлуулалтын цэгүүдэд өдөр бүр байрлан ажиллаж гүйцэтгэж байгаа аж. 

 

Энэ тухай "Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс "Түлшний хэрэглээний картыг анх харьяа хороо, дүүргээр дамжуулан иргэдэд олгох үед нэгдсэн бүртгэлд оруулалгүй нь түлшний хэрэглээг эрс нэмэгдүүлэхээс гадна, сайжруулсан шахмал түлшнийг орон нутаг руу зөөвөрлөх зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд хэрэглэгчдийг борлуулалтын цэгүүдээс түлш худалдан авахдаа бичиг баримтаа авч очин, картын дугаараа нэгдсэн мэдээллийн санд оруулах шаардлагыг тавьж байна" гэж тайлбарлав. 

 

Хэрэв ойрын хугацаанд картын дугаараа бүртгүүлэхгүй бол түлш борлуулахгүй гэдгийг анхааруулж эхэлжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг дэх түлшний борлуулалтын цэгийн ажилчид "Өнөөдөртөө багтааж иргэний үнэмлэхтэйгээ ирж картын дугаараа баталгаажуулахгүй бол маргаашнаас түлш худалдан борлуулахгүй" гэлээ. 

 

Харин иргэд энэхүү шаардлагыг чирэгдэл учруулж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байна. Хэрэв картын дугаараа бүртгүүлж амжаагүй бол "Тавантолгой түлш" ХХК-ийн 70119410 утсанд хандан харъяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын ажилтны утасны дугаарыг хүлээн авч холбогдон бүртгэл хийлгэх аж. 

 

Б.Итгэл 

Shuud.mn
Сонин хачин