Вакцины төлөөх хөөцөлдөөн төгсгөл тийшээгээ хандав. Дэлхийн томоохон тоглогчид цар тахлаас хүн төрөлхтнийг аврах вакцин бүтээснээр энэ өрсөлдөөн ийнхүү шувтарч байгаа юм. Гэхдээ боловсруулах болон хэрэглэх гэдэг нь огт хоёр өөр зүйл. Өмнө нь, вакцин гарган авчихвал л болох юм шиг санагдаж байсан бол өнөөдөр үйлдвэрлэлийн хүчин чадал дэлхий дахиныг тэр чигт нь хангах боломжгүй тул барууны орнууд вакцин ихээр худалдан авахаар тэмцэлдэж байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард Европын холбооны нийслэл Брюссель Герман, Франц гэх мэт нэгэн зэрэг олон үйлдвэрлэгчдээс эм захиалах мэргэн шийдвэр гаргасан юм. Гэвч Парисын Санофи компанийн бэлдмэлүүд үр ашиггүй гэдэг нь тогтоогдож, улмаар ганцан Пфайзер вакциныг худалдан авах л сонголт үлджээ. Брюссель 11 дүгээр сард 300 сая тун захиалсан бол АНУ хэдийнэ 600 саяыг нөөцөлсөн байна.
Ийм их хэмжээгээр захиалж байгаа нь вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх шаардлагатай гэдэгтэй холбоотой юм. Европын холбоо 450 сая орчим хүн амтай, тэгэхээр энэ бүс нутагт 900 сая тун акцин шаардлагатай болно. Гэтэл одоогоор ердөө 300 саяыг захиалсан байгаа бөгөөд энэ нь тэдэнд санал болгосон хэмжээгээр л гэрээ хийсэн гэж Европын холбооны эрх баригчид тайлбарлажээ.
Эндээс үүдээд вакцины төлөөх тэмцэл ид өрнөж байгаа гэнэ. "Яг одоо Европын холбооны орнуудын дунд вакцины тунгийн төлөөх далд тэмцэл өрнөж байна" хэмээн Европарламентын гишүүн Мишель Риваси мэдэгджээ.
Улмаар Европын холбооны гишүүн орнуудыг вакцин нийлүүлэгчидтэй бие даан хэлэлцээр хийхгүй байхыг төв удирдлага нь уриалж байгаа юм. Гэвч нэгэнт байдал хүндэрсэн тул өөрөө өөрсдийгөө аврах замыг олон орон сонгож байна. Тухайлбал Серби улс Пфайзер вакциныг Европоос хүлээн авсан ч энэ тун хангалтгүй тул Оросын вакцин авахаар гэрээ хийжээ. Унгар ч мөн Москватай хэлэлцээ хийхээ үргэлжлүүлж байгаа юм.
Ийнхүү Европын орнуудад вакцины төлөөх тэмцэл өрнөж байх зуур дэлхийн бусад орнууд коронавирусээс сэргийлэх бэлдмэлгүй үлдэж мэдэхээр байна.
"Бид баячууд нь аврах завийг авч, бусдыг хувь тавиланд нь даатгаж үлдээдэг Титаник онгоц дээр байгаа юм шиг л байна. Балканы олон орон НҮБ-ын вакцинжуулалтын хөтөлбөр болон буяны байгууллагуудын тусламжид найдах л үлдлээ" хэмээн Хойд Македонийн тахал судлаач эмч Драган Даниловски мэдэгджээ.
Эргэн сануулахад, дэлхийн чинээлэг орнууд "алаагүй баавгайн арьсыг хувааж авсан" тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард л гарч байлаа. Тодруулбал, хараахан бэлэн болж бүртгэгдээгүй бүхий л вакцинуудын талаас илүү хувийг чинээлэг орнууд хэдийнэ нөөцөлсөн тухай АНУ-ын Дьюкийн их сургуулийн дэргэдэх Олон улсын Эрүүл мэндийн инновацийн төв хэмээх судалгааны төвийн цуглуулсан баримт дээр тулгуурлан "The Economist" сэтгүүл 11 дүгээр сард мэдээлж байв.
Инновацийн төвийн судлаачид хараахан бүтээгдээгүй вакцины урьдчилсан захиалга хийгддэг гэрээ хэлэлцээрийн талаарх мэдээллүүдийг судалсан байна. Энэ судалгааны дүнд ирээдүйд бэлэн болох коронавирусийн бүхий л вакцины зургааны нэг нь АНУ руу илгээгдэх аж. Нэг оршин суугчдаа зориулж гурван вакциныг АНУ-ын Засгийн газар захиалжээ. Ингэснээр нэг тэрбум тун вакциныг АНУ худалдан авах юм байна. Харин нэг хүнд ноогдох вакцины захиалгын тоогоор Канад тэргүүлсэн байна. Энэ улс нэг иргэндээ л гэхэд 10 вакцин урьдчилан захиалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |