COVID-19: Гадаа халдвар авах боломжтой эсэх буюу хаана хамгийн эрсдэлтэй вэ?

Дэлхий дахины хамарсан цар тахлыг үүсгэсэн SARS-CoV-2 коронавирус байшин барилга дотор амархан халдварлах боломжтой гэдгийг хүн бүр мэднэ. Харин гадаа явж байгаа үед вирусийн халдвар авах боломжтой юу? Тухайлбал, гадаа явж байтал хажуугаар гүйгээд өнгөрөх хүн, автобусны буудал дээр хамтдаа зогсож байгаа хүмүүсээс халдвар авах боломжтой болов уу? Энэ талаар ВВС агентлаг эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тайлбаруудыг түүвэрлэн нийтэлснийг хүргэж байна.
Гадаа аюулгүй юу?
Халдвар судлаачид гадаа халдвар тархах боломжтой ч магадлал тийм их биш гэж үзэж байна. Цэвэр агаар вирусийн бөөгнөрлийг сарниахын дээр нарны туяа гадаргуу дээр байх вирусүүдийг устгаж байдаг гэнэ. Хэдийгээр эрсдлийг бууруулдаг ийм хүчин зүйлс байгаа ч гадаа халдвар авах боломжтой гэнэ. Хятадад нэгэн эр гадаа өөр нэг хүнтэй 15 минут ярилцаж зогсоод халдвар авсан нь судалгаагаар тогтоогдсон байна.
Эрсдэл бага ч огт байхгүй гэсэн үг биш. Эрсдэл юунаас хамаарах вэ?
Зай бариагүйгээс?
Тухайн хүн халдвартай бол амьсгалах, нэн ялангуяа ханиах, найтаах үедээ вирусийн хэсгүүдийг ялгаруулж байдаг. Зарим хэсгүүд нь дусал хэлбэртэй байх бол ихэнх нь маш хурдтай газар унадаг байна.
Гэхдээ та тухайн хүнээс хоёр метрээс бага зайтай байрлаж байвал зарим хэсэг таны нүд, хамар эсвэл ам, хамар руу орох боломжтой аж. Тиймээс хүнтэй өөд өөдөөсөө харан бага зайд зогсохгүй байхыг эмч нар зөвлөж байгаа юм.
Халдвар авсан хүн агаарт түүнчлэн илүү жижиг, аэрозоль хэсгүүдийг ялгаруулж байдаг. Энэ нь байшин, барилга дотор агаарт хуримтлагдан илүү аюултай орчин үүсгэх бөгөөд гэхдээ гаднаас салхи оруулвал амархан сарнидаг аж.
Удах тусам аюултай юу?
Гадаа хэн нэгэн таны хажуугаар зөрж өнгөрөх, эсвэл гүйж өнгөрөхөд та бүхэн хэдхэн секундэд л ойрын зайнд байрлана. Энэ тохиолдолд халдвар авах магадлал бага гэнэ.
Британийн Засгийн газрын дэргэдэх зөвлөх багт багтсан профессор Кэт Ноуксын өгүүлснээр гудамжинд бусдаас айх шаардлагагүй бөгөөд халдвар авсан хүн зөрж өнгөрөх үед тан руу чиглэн найтаасан эсвэл ханиасан, яг энэ үед нь та агаар амьсгалж таарсан бол л халдвар авна гэж тайлбарлажээ.
Гэхдээ найз нөхөдтэйгээ гадаа удаан хугацаанд байгаа хүмүүс өөрсдийгөө халдвар авахгүй гэж бодох хэрэггүй хэмээн анхааруулжээ.
"Хамгийн гунигтай нь, та биечлэн таньдаг хүмүүс л хамгийн их эрсдлийг дагуулж байдаг юм" хэмээн Кэт Ноукс өгүүлжээ.
Задгай орон зайд буюу гадаа халдвар тархах эрсдэл бага гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ хязгаарлагдмал орон зайд, тухайлбал задгай зах, автобусны буудал, террас зэрэгт халдвар тархах эрсдэл байгаа гэнэ. Мөн агаарын хөдөлгөөн байхгүй бүхий л газарт агаар бохирдох учир нарийн гудам, урт дараалал зэрэгт зогсож байгаа бол амны хаалт зайлшгүй зүүхийг эмч нар зөвлөжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр вирус тогтох боломжтой юу?
Коронавирусийн халдвартай хүн гараараа амаа даран найтааж эсвэл ханиагаад дараа нь аливаа гадаргуунд гараараа хүрсэн бол тэр гадаргуу дээр вирус хэдэн цагийн туршид амьдрах боломжтой гэнэ.
Коронавирус хогийн сав, явган зорчигч зам гарахад зориулсан гэрлэн дохионы товчлуурууд дээр вирус хадгалагддаг гэдгийг АНУ-ын эрдэмтэд илрүүлсэн бөгөөд зарим бүс нутагт ийм замаар өвчин бага боловч тархсан гэж үзжээ.
Мөн вирус өвөл гадаа удаан тогтох бөгөөд учир нь коронавирус хүйтэнд тэсвэртэй аж. Тиймдээ ч мах боловсруулах үйлдвэр, хадгалах агуулахуудад удаа дараа өвчний дэгдэлт гарч байсан юм. Түүнчлэн хүйтний улиралд хамраас нус гарч, хүмүүс зуршлаараа гараараа арчдаг, энэ нь вирус дараа нь өөр гадаргууд зөөвөрлөгдөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ ийм замаар вирусийн халдвар авах эрсдэл тун бага, учир нь ийнхүү дамжсан коронавирус гадаргуугаас хоёр цагийн дараа л "хийсчихдэг" гэнэ.
"Амьгүй гадаргуугаар дамжуулан вирусийн халдвар авах боломж тун бага" хэмээн АНУ-ын Ратгерийн их сургуулийн профессор Эммануэль Голдман өгүүлжээ.
Халдвар авах эрсдэл хамгийн өндөртэй газар
Байшин барилга дотор халдварын ихэнх тохиолдол гардаг гэж мэргэжилтнүүд өгүүлжээ. Ялангуяа хүмүүс нэг дор удаан байж, харилцах үед вирус халдварладаг аж. Энэ нь вирус хэд хэдэн замаар халдварлах боломжтой гэсэн үг юм. Хүний нүүр эсвэл бие, хувцсан дээр унасан халдвартай шингэн хэсгүүд эсвэл халдвартай гадаргуугаар дамжин халдварлах боломжтой аж. Харин бүгчим өрөөнд вирусийн аэрозоль хэсгүүд агаарт бөөгнөрч, улмаар бусад нь ийм агаараар амьсгалснаар халдвар авдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ