Их Британи бүх нислэгээ зогсоолоо

Англиар дамжиж буй бүхий л чөлөөт нислэгүүдийг зогсоож байгаа талаар Их Британийн Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ шийдвэр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэж ВВС дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээ, Англид ирсэн бүхий л зорчигчид аль улсаас ирснээс үл хамааран 10 хоног тусгаарлагдах журамтай болжээ. Энэ шийдвэр нь "коронавирусийн тахлын шинэ дэгдэлтээс хүмүүсийг хамгаалах зорилготой" гэж Борис Жонсон мэдэгдсэн байна.
Түүнчлэн нэгдүгээр сарын 18-наас эхлэн Англид ирсэн хүн бүр ирэхийн өмнө шинжилгээ өгсөн, шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж.
Энд дуулгахад, Британид коронавирусийн шинэ штамм өнгөрсөн оны сүүлээр бүртгэгдэж, улмаар энэ хувьссан штаммаас үүдэлтэй халдвар хурдацтай тархаж байгаа юм. Тиймээс нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Англи бүх нийтийн хөл хорионы горимд эргэн орсон бөгөөд үүнээс өмнө Шотланд, Хойд Ирланд, Уэльс хөл хорионд орсон байв. Ингээд тус улс өнгөрсөн оны гуравдугаар сарынх шиг хүмүүсийг гэрээсээ ажиллахыг зөвлөн, хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад дэлгүүрүүд, дунд сургууль, их дээд сургуулиуд хаагдсан юм. Хөл хориог ирэх сарын сүүлээс нааш цуцлах төлөвлөгөөгүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ