ОХУ-д өнөөдрөөс олныг хамарсан вакцинжуулалт эхэлнэ

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны даваа гарагаас эхлэн Оросын бүх бүс нутгуудад хүссэн хүн бүрийг хамруулах вакцинжуулалт эхэлнэ. Оросын иргэд тус улсад бүртгэгдсэн "Спутник V" , "Эпиваккорона" гэсэн хоёр вакцины аль нэгийг сонгон үнэ төлбөргүй вакцинд хамрагдах юм байна.
Эмч, багш, архаг хууч өвчинтэй зэрэг тодорхой бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулах ажил 2020 оны 12 дугаар сарын 10-нд эхэлж байсан бөгөөд энэ үйл ажиллагаанаас дараагийн шатанд буюу олныг хамарсан вакцинжуулалтын ажил эхлэх үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 13-нд өгч байлаа. Тухайн үед тус улсын дэд сайд Татьяна Голикова нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн олныг вакцинжуулалтад хамруулахад бэлэн болно хэмээн мэдэгдэж байв. Голиковагийн мэдэгдсэнээр энэ сарын сүүл гэхэд Орост 2.1 сая тун вакцин бэлэн олох гэнэ.
Орост намрын тахлын улирал эхлэх үе гэхэд сүргийн дархлаа суусан байхуйцаар коронавирусийн вакцинжуулалтыг зохион байгуулах ёстой гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эхний жилд хүн амын 60 хувийг вакцинд хамруулах боломжтой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ