Байдены тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангаж Вашингтоны төвийг хаав

img

Энэ сарын 20-ны өдөр болох Жо Бадены Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёсолын өмнө эсэргүүцлийн арга хэмжээнүүд гарч болзошгүйтэй холбоотойгоор АНУ-ын бүх муж болон Колумбийн тойрог аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын зургаанд болсон эмх замбараагүй байдал давтагдахаас сэргийлэн Үндэсний гвардын цэргүүд Вашингтонд орж ирсэн байна. Холбооны мөрдөх товчоо АНУ-ын бүх мужид Трампыг дэмжигчид зэвсэгтэй жагсаал зохион байгуулж болзошгүйг анхааруулжээ. Одоо Вашингтонд Үндэсний гвардын 25 мянган цэрэг аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Вашингтоны төв хэсэг хэдийнэ хаагдаж, гудамжууд бараг хоосон байгаа гэнэ. АНУ-ын нийслэлд Үндэсний гвардын олон мянган цэргийг татсан бөгөөд нэгдүгээр сарын зургааны өдөр хүний аминд хүрсэн эмх замбараагүй явдал гарсан Капитолиос хэдэн километрийн зайд бетонон хаалт, төмөр хашлагууд байршуулжээ. Тангараг өргөх ёслолын үеэр олон мянган хүн цугладаг Үндэсний худалдааны төвийг Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэг авсан Нууц албаны хүсэлтээр хаасан байна. Байдены багийнхан цар тахлын нөхцөлд тангараг өргөх ёслолыг харах гэж нийслэл рүү  ирэхээс зайлсхийхийг иргэдэд хандан уриалж, алсын зайнаас буюу цахим, телевизээр энэ ёслолыг үзэхийг зөвлөжээ. 

 

Түүнчлэн Вашингтоны метроны 13 өртөөг хааж, зарим чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн олон мянган хүн тангараг өргөх ёслолыг үзэхээр цуглардаг Вашингтоны төв гудамжийг хориотой бүс болгожээ. Өмнө нь, 2009 онд энд 1.8 сая хүн цугларч байсан аж.  

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ