ШУУД: 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-18 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.18/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 9115 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнө 25-р эмийн сангийн "Монос" эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал, тухайн үед засвар хийж байсан хоёр хүн нийт дөрвөн хүн байна. Мөн Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан гурван хүн, батлагдагсан тохиолдуулын ойрын хавьтал хоёр хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрсэн байна. Тухайн хүмүүс нь тусгаарлагдсан байсан.

 

Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 699 болж байна.  Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1025 байгаа.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1526 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 967 байгаа. Өнөөдрийн байдлаар 548 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 499 хүн хөнгөн, хүндэвтэр 37 хүнд 10, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  200 хүн хөнгөн, хүндэвтэр 24, хүнд 3, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 90 хүн эмчилгээнд байна. Үүнээс 74 хүн хөнгөн, хүндэвтэр 13, хүнд 2, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 225 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т таван хүнд хүн эмчлэгдэж байгаа.

 

Өнгөрсөн хагас сайн өдрийн шөнө  УНТЭ-т маш хүнд хүн  очсон. Тухайн хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад коронавирус батлагдсан. Иймд ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тухайн хүн нь хэд хэдэн эмнэлгээр дамжиж үйлчилгээ авсан байсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо эмнэлэг, УНТЭ-ийн эмч ажилчдыг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан.

 

Сонгдо эмнэлгийн зургаан хүнийг тусгаарлалтад авч, гучин хүнийг шинжилгээнд хамруулсан. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс дөрвөн хүн, УНТЭ-ээс 17 хүн, гэр бүлийн 16 хүнийг тус тус тусгаарласан байна. Урьдчилсан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

 

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудыг ойрын хавьтал 1194 хүн, хоёрдогч хавьтал 2666 хүн тусгаарлалтад байна.  Мөн "Монос" эмийн сангийн 17 хүнийг тусгаарласан.

 

Баянзүрх дүүргийн 17-р хороонд голомтын илрүүлэг, шинжилгээг 5083 хүн хийсэн. Үүнээс 18 хүнд коронавирус илэрсэн. Тухайн 18 хүн батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүн байсан. Баянгол дүүргийн 4-р хороонд 4000 орчим хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

 

 М.Насан

Shuud.mn
Сонин хачин