Вакцины дараа нас барсан 23 хүний үхлийн шалтгааныг судалж байна

img

Америкийн Pfizer, Германы  BioNTech компанийн хамтран боловсруулсан вакцин хийлгүүлсэн 23 ахмад настан нас барсаны шалтгааныг нарийвчлан судлахыг Норвегийн эрх баригчид эмч нараасаа хүсчээ. 

 

"Энэ нь давхцал байж болох юм. Гэхдээ бид итгэлгүй байна. Эдгээр нас баралт болон вакцин хоорондоо холбоотой гэх найдвартай баталгаа байхгүй" хэмэн Норвегийн Эм бэлдмэлийн агентлагийн захирал Стейнар Мадсен мэдэгджээ.

 

Өмнө нь дээрх агентлаг  13 нас баралтыг судлаад "эрсдэлийн бүлэг"-ийн зарим өвчтөн вакцины сөрөг нөлөө нь нас барахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж байлаа. Эдгээр сөрөг нөлөөнүүд нь халуурах, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдгүүд юм. 

 

"Залуу хүмүүст аюулгүй, вакцинуудад ихэвчлэн байдаг эдгээр ерөнхий сөрөг нөлөөнүүд нь ахмад настнуудад хууч өвчнийг нь сэдрээж болзошгүй тохиолдлууд гардаг. Ийм тохиолдол тун цөөн, нэн хүнд өвчинтэй цөөн тооны хүмүүст л илэрч байгаа тул бид вакцины аюулгүй байдалд санаа зовохгүй байна" хэмээн Мадсен тайлбарлаж байв. 

 

Түүний өгүүлснээр, эмч нарыг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг хүссэний дээр эдгээр шинж тэмдгүүд биеийн байдлыг нь хүндрүүлж болзошгүй хууч өвчинтэй хүмүүст тарилга хийхдээ нэмэлт үзлэг, судалгаа хийхийг зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ