Хоёр удаагийн нислэгээр асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй
2021-01-19

 

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд  БНСУ-дахь Консулын газрын гадна  15 дахь өдрөө жагсаж байгаа. Тухайн иргэдийн хувьд 2020 оны 11, 12 сарын нислэгт багтсан байсан аж. Суулт зарласан иргэдтэй цахимаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

 

Иргэн Т.Ганбаатар:

 

-БНСУ-д байгаа Монгол Улсын Консулын газрын үүдэнд 15 хоног жагсаж, суулт зарлаж байна. Хүйтэн шалан дээр дөрөв хонож байгаа. Миний хувьд 12 дугаар сарын нислэгээр эх орондоо очих байсан.  Гэсэн ч 11 дүгээр сарын нислэг цуцлагдсан.  Өнөөдрийн байдлаар 13-аас 60 насны нийт 26 хүн суулт зарлаж байгаа. Хэрэв тусгай үүргийн нислэг үйлдэхгүй бол өлсгөлөн зарлана гэж шийдсэн байсан. Энэ сарын тусгай үүргийн нислэг зарлагдлаа. Өнөөдрөөс энэ сарын тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүсийн нэрс гарна гэсэн мэдээлэл байна. Нислэг зарлагдсан учир өлсгөлөн зарлахгүй.  Эрүүл мэндийн шалтгаантай жирэмсэн хүн олон байгаа.

 

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д халдварын тоо эрс нэмэгдэж байсан ч өнөөдрөөс гайгүй болж байна. Мөн метроны буудал бүрд коронавирусийн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний хариуг нь утсаар нь мэдээлдэг. 

 

БНСУ-д гацсан иргэдийн төлөөлөл:

 

-БНСУ-д 2019 оны сүүлээр гурван сарын аяллын визээр ирсэн. Төлөвлөгөөний дагуу хоёр сарын дараа буцах байсан ч хил хаагдаж гацсан.  Ингээд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж 2020 оны 11 дүгээр сарын 13-ны нислэгээр нутаг буцах байлаа. Тухайн үед нислэг цуцлагдлаа гэж мэдэгдэхэд шинжилгээгээ өгчихсөн, амьдарч байсан байрнаасаа гараад, ачаа тээшээ бэлдчихсэн байлаа. Гэтэл нислэг цуцлагдсан. Үүнээс болж ажил болон амьдрах байрны асуудалд орсон. Гэхдээ хэцүү асуудалд орсон ч монголд дотоодод коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэсэн мэдээллийг авсан учир нэгдүгээр сарын 04-нийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. Гэтэл корга нислэгээр тодорхойгүй хүмүүсийг болоод  Ш.Раднаасэд гишүүнийг авч явсан байсан. Эдгээр асуудлууд биднийг тэмцэхэд хүргэлээ.

 

Эх орондоо очихын тулд 15 хоног тэмцэж байна. Хүйтэн шалан дээр дөрөв хонож байна. Энэ сард хоёр нислэг үйлдэхээр боллоо. Гэхдээ хоёр нислэгээр асуудлыг бүрэн шийдэхгүй. БНСУ-д эрүүл мэндийн шалтгааны улмаас мөн суралцахаар, аяллын визээр ирж ажил хийж байгаа хүмүүс олон бий. Удаан хугацаагаар хүлээж байгаа учраас санхүү болон эрүүл мэндийн хувьд маш асуудалтай байна. Энэ сард үйлдэх хоёр удаагийн нислэгээр 300 хүний асуудлыг шийдэх ч цаашид тогтмол нислэг үйлдэхгүй бол асуудал хүндэрсээр байх болно. Олон удаа нислэгийн хуваарь зарлагдаж, цуцлагдсан. Бидэнд нислэгийн хуваарьт итгэх итгэл алга. Хоёрдугаар сарын нислэгийн хуваарь зарлаагүй байгаа учраас бодит үр дүн гэж харахгүй байна. Бид хоёрдугаар сарын нислэгийн хуваарь зарлагдтал жагссаар байх болно.

 

БНСУ-д гацсан иргэдийн төлөөлөл:

 

-Миний хувьд арваннэгдүгээр сарын 13-ны нислэгт багтсан байсан. Бүхий л ажлаа зохицуулаад, ачаа тээшээ бэлдэж, байрнаасаа гарсан. Гэтэл нислэг цуцлагдсан. Хоёр настай хүүхэд минь хүлээж байгаа. Хүүхэдтэйгээ уулзалгүй 10 сар өнгөрч байна. Бидний байдал хүндэрч нэгдүгээр  сарын 04-нөөс суулт зарласан. Сүүлийн дөрвөн хоног хүйтэн шалан дээр хонож байна. Даарч, өлсөж, сэтгэл санаагаар унаж маш хэцүү байгаа. 13 настай хүүхдээс эхлээд 60 насны хүмүүс байна. Эрүүл мэндийн асуудалтай, жирэмсэн хүмүүс  хийгээд эх орондоо яаралтай очих шаардлагатай хүмүүс байгаа. Коронавирус цар тахлын улмаас БНСУ-д ажлын байр хомстсон.

 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин