Трамп АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа

Энэ сарын 26-ны өдрөөс эхлэн Шенгений бүс, Их Британи, Ирланд болон Бразил улсаас АНУ руу нэвтрэхийг зөвшөөрсөн тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Эдгээр орнуудаас АНУ-ыг зорих иргэд нь коронавирусийн халдваргүйг батлах шинжилгээний хариутай байх ёстой аж.
"Шенгений бүс, Нэгдсэн Вант Улс, Ирланд болон Бразилд тавих хязгаарлалтыг цуцалж, БНХАУ болон Иранаас нэвтрэхийг хориглосон хэвээр байхыг АНУ-ын Эрүүл мэндийн сайд надад зөвлөсөн" гэж Ерөнхийлөгчийн тогтоолд өгүүлсэн байна.
Өнөөгийн Ерөнхийлөгчийн энэ тогтоол нийтлэгдсэний дараа маргааш тангаргаа өргөх шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэл хийж, шинэ захиргаа олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөгүй байгаа гэдгийг онцолсон байна.
"Манай эмнэлгийн бригадын зөвлөснөөр шинэ захиргаа эдгээр хязгаарлалтуудыг нэгдүгээр сарын 26-наас цуцлах төлөвлөгөөгүй байна. Коронавирусийн халдварын дэгдэлтийг улам багасгахын тулд олон улсын зорчих хөдөлгөөний тал дээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээгээ бид чангатгахаар төлөвлөж байгаа" хэмээн Псаки Твиттер хуудсандаа бичжээ.
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, захиргаа солигдох юм. Ингэснээр Трампын дээрх шийдвэр хүчингүй болж мэдэхээр байна. АНУ-ын халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас дээрх орнуудаас нэвтрэх хөдөлгөөнийг өнгөрсөн оны гуравдугаар сард хязгаарласан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ