Байдены тангараг өргөх ёслол буюу "Колумби" цайз
2021-01-19

Лхагва гарагт болох, АНУ-ын 46 дахь удаагийн Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолын ажиллагааны өмнөхөн Вашингтон шүдээ хүртэл зэвсэглэсэн цайз болон хувирчээ. Энэ нь мэдээж нэгдүгээр сарын зургааны өдөр болсон эмх замбараагүй байдлаас үүдэлтэйгээр дахин халдлага гарахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой юм. 

 

Америкийн нийслэлд Үндэсний гвардын 25 мянган цэрэг оруулж, Колумбийн тойргийг хөрш Виржини мужтай холбодог Потомак голын гүүрүүдийг хаажээ. Мөн метроны 12 өртөө ч хаагдсан байна. Харин Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх Капитолийн нутаг дэвсгэрийг Америкийн түүхэнд анх удаа хашаа, хайсаар хамгаалсан байна. 

Зэвсэглэсэн хэт даврагчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо сэрэмжлүүлсний улмаас Вашингтоны төвийн дүүргүүдийг бүхэлд нь хаажээ. Цагаан ордон, Капитоли, Үндэсний их дэлгүүрийн нутаг дэвсгэр, Пенсильвани гудамж бетонон блок, өргөст тороор хүрээлэгдсэн байна. Хотын төвийн уулзварууд дээр хуягт автомашинууд, автомат зэвсэгтэй цэргүүд байршжээ. RG агентлаг энэ талаар мэдээлэхдээ  "дэлхийн хамгийн ардчилсан орон"-ы тэргүүн албан тушаалдаа очих ёслол болох гэж байгааг мэдээгүй бол аюулгүй байдлыг хамгаалан авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээнүүдийг харахад Холливудын сүйрлийн тухай киноны зураг авалтын талбай гэж хэлмээр" хэмээжээ.

"Колумбийн тойргоос жуулчин үзэж болох бүхий л зүйл одоо хайс, өндөр хашаагаар халхлагдсан" хэмээн  Politico сонин бичсэн байна. Аюулгүй байдлыг хангахад дайчлагдсан Үндэсний гвардын цэргийн алба хаагчдыг давхар давхар хянаж байгаа бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр шинэ төрийн тэргүүн эсвэл өндөр дээд зэрэглэлийн зочдын хэн нэгний амь насанд халдаж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо болгоомжилж байгаа талаар АР мэдээлжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин