Халдвар авсан албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох төсөлд Засгийн газраас санал авна
2021-01-19

 

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаан 15 цаг 10 минутад  ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх болон Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 

 

    Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргалаа. Энэхүү горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын урамшууллыг нэмэгдүүлсэн шиг санаж байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хувь хүний хариуцлагаас болсон уу гэдгийг тооцож  тэтгэмж өгөх эсэх асуудал яригдах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтнуудад 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгөөд байгаа талаар гишүүдэд мэдээлэл өгөв.

 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ.

 

 
 
    Хуралдааны төгсгөлд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв.
 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
ТҮК-ийнхэнд тэтгэмж өгөх хэрэгтэй.
2021-01-19