Улсын хэмжээнд саа өвчний нөхөн дархлаажуулалт эхэллээ
2021-01-19 16:51

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам:

 

-Монгол Улсад дархлаажуулалтын хуулийн дагуу дархлаажуулалтын хөтөлбөрийг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 0-15 хүртэлх насны хүүхдийг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор найман төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Коронавирус халдварын цар тахлын энэ үед  товлолт дархлаажуулалтаас хоцрохгүйгээр, товлолын дагуу вакциндаа хамрагдсанаар сэргийлж болох халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой. 

 

Тиймээс товлолт хугацаанд нь хүүхдээ  вакцинд хамруулах шаардлагатай байна.  Манай улс халдвар саа өвчний вакциныг 1962 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд дэлхий дахинаа тус өвчнийг устгах ажлын хүрээнд уудаг, тарьдаг вакцинтай хамтатгаж хийж байгаа. Тарьдаг вакциныг 2019 оноос хойш хүүхдэд хийж эхэлсэн. 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд төрсөн хүүхдүүдийг  халдварт саа өвчний нөхөн дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Тиймээс энэ талаар мэдээллийг харьяа эрүүл мэндийн төвөөс авч, хугацаанд нь дархлаажуулалтад хамрагдахыг хүсье. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин