Хятадад халдвартайгаа мэдээгүй эр 100 гаруй хүнд халдвар тараажээ
2021-01-20

Өдгөө дэлхий даяар тархаж, цар тахал үүсгэсэн коронавирусийн халдвар анхлан Хятадад бүртгэгдэж байсан ч тус улс тахлыг амжилттай давж, саяхныг хүртэл шинэ дэгдэлтүүд бүртгэгдэхгүй байсан юм. Гэсэн ч сүүлийн үед хэд хэдэн бүс нутагт халдварын голомт үүссэний дээр Хятадын Гирин мужид коронавирусийн дэгдэлт бүртгэгдсэний шалтгааныг олохоор Хятадын мэргэжилтнүүд ажиллаж байлаа. 

 

Энэ дэгдэлтийн шалтгааныг олсон бөгөөд 100 гаруй хүнд халдвар тараасан, коронавирусийн халдварын "супер тараагч"-аас болж COVID-19 халдвар дэгдсэн гэж The Global Times мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусийн халдвартай эр сурталчилгаанд оролцон, хүмүүсийн эрүүл мэндэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байжээ. тэрбээр төрөлх Хармөрөн мужаас хөрш зэргэлдээх Гирин мужид ирсэн байна. Энэ эр өмнө нь коронавирусийн халдвартай хүнтэй хавьтсан гэдэг нь тогтоогдохоос өмнө хэдэн өдрийн туршид ахмад насны оршин суугчдын дунд өөрөө ч мэдэлгүй коронавирусийн халдвар тараасан аж.

 

Эрх баригчид энэ худалдагч эрд коронавирусийн халдвар илрэхээс долоо хоногийн өмнөх зорчсон дэлгэрэнгүй маршрутыг нийтэлсэн байна. Энэ хугацаанд тэрбээр галт тэргээр дөрвөн удаа, автобусаар гурван удаа, Хармөрөн болон Гирин муж хоорондын метрогоор нэг удаа зорчжээ. Дөрөв хоногийн хугацаанд энэ эр Гунжулин болон Тунхай хотуудын ахмад настнуудын эрүүл мэндийн клубүүдэд маркетингийн дөрвөн арга хэмжээ зохион байгуулсан байна.

 

Эрүүл мэндийн хорооны мэдэгдсэнээр тэрбээр семинарт оролцсон 79 хүн, хамаатан садны 23 хүнд халдвар тараажээ. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 63 байгаа бол хамгийн ахмад настай нь 87 настай иргэн байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоногт Хятадад коронавирусийн халдварын 118 тохиолдол шинээр илэрснээс 40 нь Гирин мужид, 35 нь Хэбэй_ 27 нь Хармөрөн муж, нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн байна. Хэдийгээр найман сарын туршид тахалгүй амьдарсан гэж Хятад мэдэгдэж байсан ч БНХАУ-д тахлыг ялсны дараа ч Ухань хотод коронавирус тархсан хэвээр байсан гэдэг дүгнэлтийг Хятадын эрдэмтэд гаргаснаа энэ сарын наймны өдөр зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин