Трамп Байдены амжилтын төлөө залбирна
2021-01-20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ шинэ захиргааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсний дээр өөрийг нь залгамжилж буй Жо Байдены захиргааны амжилтын төлөө залбирна хэмээн мэдэгдсэн байна. Трампын мэдэгдэл 20 орчим минут үргэлжилжээ.

 

"Энэ долоо хоногт бид шинэ захиргааны тангараг өргөх ёслолыг явуулна. Шинэ захиргаа Америкийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангаж чадахын төлөө залбирцгаая" хэмээн  Трамп мэдэгдсэн байна.

 

Мэдэгдлийнхээ ихэнх хэсэгт Трамп Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байхдаа хүрсэн ололтууд, тэр дундаа коронавирусийн вакциныг богино хугацаанд гарган авсан, цар тахлын нөхцөл байдалд хүн ам болон бизнест эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн, татвар болон ажилгүйдлийг бууруулсан зэрэг олон ажлыг нэрлэжээ. 

 

Гадаад бодлогынхоо талаар ярихдаа Трамп Мексик болон Латин Америкийн хэд хэдэн оронтой худалдааны хэлэлцээр хийсэн, "манай ашиг сонирхолд үл нийцсэн нэг талт дэлхийн хэлэлцээрүүдээс гарсан", НАТО-ын гишүүн орнуудын татвар ураамжийг нэмсэн, АНУ-ын Сансрын хүчин байгуулсан болон зэвсэгт хүчний бусад шинэчлэлтүүдийг хийснээ дурдсан байна.

 

"Бид Америкийн дотоод хүч, хилийн чанад дахь Америкийн манлайллыг эргүүлэн авчирсан. Дэлхий биднийг дахин хүндэлж байгаа. Энэ хүндлэлийг алдахгүй байхыг хүсье!" хэмээн шинэ захиргаанд хандан мэдэгджээ.

 

Түүнчлэн Трамп сүүлийн олон арван жилийн дотор нэг ч дайн өдүүлээгүй АНУ-ын анхны Ерөнхийлөгч гэж өөрийгөө нэрлэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дайн хийсэн гарууд Нобелийн шагнал хүртээд байхад дайн хийгээгүй ганц ерөнхийлөгчид Нобелийн Энхтайвны шагналыг өгөх юмсан.
2021-01-20