АНУ: Уйгуруудын эсрэг хийж буй БНХАУ-ын үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
2021-01-20

Шинжаан Уйгурын өөртөө засах орны уйгуруудын эсрэг хийж буй Хятадын үйлдэл нь "геноцид", "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хийснийг ТАСС дамжуулжээ. 

 

"Хүртээмжтэй мэдээллүүдийг нарийвчлан судалсны эцэст БНХАУ хамгийн наад зах нь л 2017 оны гуравдугаар сараас эхлэн Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтэд би хүрлээ. Түүнчлэн БНХАУ тэнд геноцид үйлдэж байна гэсэн дүгнэлт хийж байна" хэмээн Помпеогийн мэдэгдэлд онцолжээ.

 

Хятадын баруун хойд хэсэгт байх Шинжаан-Уйгурын бүс нутаг нь ихэвчлэн мусульман-суннитууд суурьшсан газар юм. Тэд түрэг хэлний бүлэгт багтах уйгур хэлээр ярьдаг аж. Энэ бүс нутгийн олон сая уйгур хүнийг лагерьт хууль бусаар байлган, исламын шашнаас татгалзахыг шаарддаг гэх мэдээлэл олж авсан гэж 2018 онд НҮБ-ын хүний эрхийн комиссар мэдэгдэж байлаа.

 

Шинжаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг гэсэн баримтыг БНХАУ-ын эрх баригчид байнга няцаадаг бөгөөд хорих лагер биш "дахин хүмүүжүүлэх төвүүд" байгуулсан, энд уйгуруудыг сайн ажил олж хийх дадал, мэдлэгт сургадаг хэмэн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкчууд өөрсдөө америкийн уугуул иргэдэд яаж хандаж байгааг бид харж л байгаа...Капитолын ордон руу тэнэг амьтад дайрсан нь бусад улс орнуудад америкийн удирдлагын зохион байгуулдаг өнгөт хувьсгалын нэг л дүр зураг шүү дээ. Дээш нь хаясан чулуу....
2021-01-20