Трамп Цагаан ордныг орхиж байна

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөхөд хэдхэн цаг үлдлээ. Ёслолын арга хэмжээ Вашингтоны цагаар үд дунд эхлэх юм. Шинэ ерөнхийлөгч гэргийн хамт хувийн онгоцоороо Вашигтонд очсон байна. ТАСС агентлагийн мэдээлснээр тэднийг нисэхэд зориулж засгийн газрын онгоц гаргаж өгөөгүй гэнэ.
Харин албан тушаалаасаа бууж буй Дональд Трамп тангараг өргөх ёслолд оролцохгүй, ёслол болохоос дөрвөн цагийн өмнө нийслэлийг орхих аж. Трампын Ерөнхийлөгчийн албан тушаалдаа байх сүүлийн өдөр Юүтүб суваг түүний хуудсыг дахин долоо хоногоор хааж, дүрс бичлэг, шууд дамжуулахыг хоригложээ.
Энэ сарын зургааны өдөр болсон, өөрийнх нь дэмжигчдийн өдүүлсэн эмх замбараагүй байдлыг шүүмжилж байгаагаа Трамп дахин мэдэгдлээ. Хүчирхийллийг зөвтгөх аргагүй хэмээн тэрбээр ард түмэндээ хандсан сүүлийн мэдэгдэлдээ онцолсон байна.
Дональд Трамп бол хоёронтоо импичмент зарлуулсан АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч мөн залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй дөрөв дэх ерөнхийлөгчид тооцогдож байгаа юм.
Трамын үед АНУ-ын цэргийн төсөв эрс өсчээ. 2013 онд Америкийн цэргийн төсөв хагас тэрбум доллар байж, дараа нь Ерөнхийлөгч Барак Обама энэ төсвийг нэмэгдүүлж эхэлсэн бол Трамп эрс өсгөж, 2020 онд700 тэрбум долларт хүрчээ. Хэдийгээр цэргийн төсвийг эрс нэмэгдүүлсэн ч урт хугацааны туршид дайн өдөөгөөгүй цорын ганц Ерөнхийлөгч гэж Трамп өөрийгөө тодотгохоо мартаагүй байна.
Трампын захиргаа хамгийн их хориг арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. 2017 оноос хойш 4000 орчим хориг тавьсан бөгөөд өөрөөр хэлбэл өдөрт гурван хориг нэвтрүүлсэн гэсэн үг.
Үүний зэрэгцээ Трамдын үед эдийн засаг урьд хожид байгаагүй хэмнэлээр өсчээ. 2020 оныг хүртэл эдийн засгийн өсөлт жилд дунджаар 2.5 хувьтай байсан гэнэ. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас 1947 оноос хойш тохиосон хамгийн их уналт бүртгэгджээ.
Мөн Трампын засаглалын үед АНУ асар их олон улсын хэлэлцээрээс гарсан байна. Тухайлбал Дунд болон бага тусгалт пуужингуудыг устгах гэрээ, Нээлттэй агаарын орон зайн гэрээ, Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээр, Цаг уурын Парисын хэлэлцээр, ИРаны цөмийн хөтөлбөрийн төлөвлөгөө зэрэг олон хэлэлцээрээс АНУ гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ