Б.Өлзиймөнх: Бага насны хүүхдүүд ахуйн хүрээний осол гэмтэлд өртөх нь их байна
2021-01-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.20/ хийлээ.

 

НЭМҮТ-ийн ЭША Б.Өлзиймөнх:

 

-Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг. Монгол Улс одоогийн байдлаар 3,3 сая хүн амтай. Үүний 38,3 хувийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Осол гэмтлийн статистик үзүүлэлтээс харахад осол гэмтэлд өртсөн нийт хүмүүсээс 38 хувь нь 0-19 насны хүүхдүүд бэртэж гэмтсэн байна. 

 

Бэртэж гэмтсэн 0-19 насны хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилбал, 0-4 буюу бага насны хүүхдүүд хамгийн их осол гэмтэлд өртсөн байна. Мөн гэмтэх үеийн байршлаар нь авч  үзвэл гэртээ буюу ахуйн орчинд хамгийн их гэмтжээ. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг харвал унах, механик хүчин зүйлд өртөх, зам тээврийн осол, хүчирхийлэл, амьд механик хүчинд  өртөх зэрэг байгаа.  Статистик үзүүлэлтээс харахад бага насны хүүхдүүд ахуйн хүрээний осол гэмтэлд их өртөж байна. 

 

Бага насны хүүхэд аюултай нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал байдаг. Мөн хүүхэд аливаа зүйлд хариу үйлдэл хурдан үзүүлж чаддаггүйгээс аюулд илүүтэй өртдөг. Айх мэдрэмж бага, шалтгаан үр дагаврыг нь хангалттай ойлгодоггүй байна. 

 

Тиймээс  бага насны хүүхдийг унаж бэртэхээс сэргийлж хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх, цонхноос унахаас сэргийлж түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалт хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарах зүйлийг холдуулах, 0-2 насны хүүхдүүд орноос унаж гэмтэх их байдаг тул орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын  ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх шаардлагатай.  Тиймээс та бүхэн хүүхдэдээ зориулж аюулгүй орчин бүрдүүлээрэй. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин