ТОЙМ: Байден тангаргаа өргөж, Трампын шийдвэрүүдийг цуцалж эхлэв

АНУ-ын Вашингтон хотод орон нутгийн цагаар үд дунд, Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол боллоо. Урьд өмнөх тангараг өргөх ёслолуудаас энэ удаагийнх ихээхэн өөр, онцлогтой болж өнгөрсөн юм. Тодруулбал, коронавирусийн цар тахлын улмаас олон нийтийн уламжлалт арга хэмжээнүүдийг цуцалсан бол эсэргүүцлийн ажиллагаа гарч болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс аюулгүй байдлыг дээд зэргээр чангатгажээ.
Тангараг өргөх ёслолын явц
Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Байден "нэгдэх шаардлагатай" гэдэг үгийг хэд дахин хэлж байв. Мөн нэг бус удаа Дональд Трампын нэрийг дурдсан ч "харанхуй цаг үеийг тойрох шаардлагатай" хэмээн мэдэгдлээ.
"Эрх мэдэл олж авахын тулд худал хуурмагийг ашиглах нь олонтаа бөгөөд Үндсэн хууль, иргэдийг хамгаалахаар амалсан удирдлагууд энэ амлалтаа биелүүлээгүй" хэмээн Байден мэдэгдсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ цар тахал, эдийн засгийн хямрал, арьс өнгөөр ялгаварлах байдлыг хөндөв.
Түүнчлэн коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийг хүндэтгэн нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн юм.
Байденаас өмнө Камала Харрис тангараг өргөв. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очиж буй анхны эмэгтэй болж байгаа юм. АНУ-ын Зэвсэгт хүчин дэх анхны латин америк эмэгтэй болох Дээд шүүхийн шүүгч Соня Сотомайор Камала Харрисыг тангараг өргөх хэсэг рүү хөтлөн хүргэлээ.
Тангараг өргөх ёслолын өмнө АНУ-ын төрийн дууллыг Лэди Гага дуулсан юм. Ёслолд төрийн тэргүүн асан Барак Обама, бага Жорж Буш, Билл Клинтон нар эхнэрүүдийн хамт оролцлоо. Түүнчлэн Трампын үед дэд Ерөнхийлөгч байсан Майк Пенс ёслолд оролцсон юм.
Байдены тангараг өргөх ёслол урьд өмнөх ёслолуудаас ихээхэн ялгаатай болсон бөгөөд тахлын улмаас уламжлалт зоог, өргөн цар хүрээтэй ёслолын жагсаал болоогүй, цахим хэлбэрт оруулжээ.
Түүнчлэн зочдын тоо ч цөөн байсан байна. Өмнө нь нийслэлд болох энэ арга хэмжээний 200 мянга орчим тасалбарыг тараадаг байсан бол энэ удаад ямар ч тасалбар гараагүй, харин конгрессын гишүүн бүр нэг л хүн дагуулж ирэх боломжтой байсан гэнэ. Мөн ийнхүү олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан нь төсвийн зардлыг бууруулахад нөлөөлсөн аж.
Аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт
Дональд Трампын дэмжигчид Капитолийн ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн нэгдүгээр сарын зуургааны үйл явдлын дараа л эрх баригчид мэдэгдэл хийхдээ тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгана гэж онцолж байлаа.
Сүүлийн хоёр долоо хоногийн туршид интернетэд аюул заналхийлсэн мэдээллүүд эрс нэмэгдсэн бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр Вашингтонд хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй хэмээн Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рэй мэдэгдэж байв.
Ингээд Америкийн нийслэлийн орчимд Үндэсний гвардын 25 мянган цэргийг байршуулсан юм. Түүнчлэн аюулгүй байдлыг хангахад Колумбийн тойргийн 6000 цагдаа, цацраг, хими, биологийн хамгаалалтын хэлтэс, Эргийн хамгаалалтын хүчин, нууц албаны ажилтнууд, холбооны мөрдөх товчооны ажилтнууд дайчлагджээ.
Вашингтоны төвд метроны 13 өртөөг хааж, галт тэрэгнүүдийг зогсоолгүй явуулж байсан юм. Фейсбүүк олон нийтийн сүлжээ аюулгүй байдлыг хангах үүднээс Вашингтон дахь Цагаан ордон болон Капитолийн ойролцоо болох, түүнчлэн мужууд дахь засаг захиргааны байрны ойролцоо болох олон нийтийн арга хэмжээний зарыг тухай бүрт блоклоно гэж амлаж байсан. Airbnb орон сууц түрээслэх үйлчилгээ Вашингтон болон түүний ойр орчимд захиалга авахаа цуцалсан бөгөөд тангараг өргөх ёслолын өдөр Америкийн бусад бүс нутгуудаас экстремистүүд ирж болзошгүй гэж үзсэн эрх баригчдын хүсэлтээр ийнхүү байрны түрээсийн захиалгыг цуцалжээ.
Ерөнхийлөгчийн албан тушаал дахь Байдены эхний алхмууд
Ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо, цагийн дотор Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан хэд хэдэн шийдвэрийг цуцалсан байна.
Тухайлбал, Байден АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цаг уурын Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх зарлигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Мексикийн хил дээрх ханын барилгын ажлыг зогсоож, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен зэрэг мусульманы орнуудаас ирэх зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ.
Үүний зэрэгцээ Америк-Мексикийн хил дээрх нөхцөл байдалтай холбоотой онц байдлын дэглэмийг цуцлан, Канадтай хиллэх хил дээр газрын тос дамжулах хоолой барих ажлыг зогсоосон бөгөөд түүнчлэн 100 өдрийн туршид амны хаалт зүүх уриалгыг гаргасан бйна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ