Хариуцлага нэхсэн ЖАГСААЛ, хоёр сайдын чөлөөлөгдөх ӨРГӨДӨЛ
2021-01-21

 

Иргэдийн эсэргүүцэл Засгийн газрын хоёр сайдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Ерөнхий сайдыг танхимынхандаа хариуцлага тооцоход хүргэлээ. 

Үнэхээр ч хоёронтаа төрийн эрхэнд үнэмлэхүй олонхиор сонгогдсон МАН-д өнөөдөр иргэд итгэл алдарч, бухимдал дээд цэгтээ тулаад байгаа нь үнэн. 

 

Тэр дундаа цар тахлын хөл хорионы үед төрийн шийдвэр хэрэгжилтийн явцад 22-ын товчоон дээр иргэн амиа алдсан, хагалгаанд орох гэсэн иргэнээс мөнгө нэхсэн, хамгийн сүүлийн жишээгээр  коронавирусийн халдвар илэрсний улмаас дөнгөж төрсөн эх, нярайг ХӨСҮТ-д тусгаарлахдаа идэр есийн хүйтэнд гэрийн халад, тавчигтай нь эмнэлгээс гаргаж,  "хүний чанаргүй" үйлдэл гаргасан нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Тиймээс ч олонхидоо эрдсэн эрх баригчдыг "уучлал" гуйснаар асуудлыг шийдвэрлэх бус хариуцлага тооцохыг шаардаж, Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийлээ. 

Тиймээс Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байна. 

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр сайддаа хоёуланд нь хариуцлага тооцох уу нэгнийг нь авч үлдэх үү гэсэн таамаглал олон нийтийн дунд явж байна лээ. 

 

Хоёр сайд өргөдлөө гаргасантай зэрэгцээд дараагийн сайдад горилогчдын таамаглал яригдаад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Шадар сайдад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярын нэр хүчтэй яригдаж байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн, БХ-ын сайдаар ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ЖДҮХС болон бусад сангуудаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр олон нийтийн шүүмжлэлд өртөж, нэр дэвшээгүй үлдсэн ч өнөөдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албыг хашиж байгаа. 

 

Ямартай ч хуулийн дагуу Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулж, эцсийн шийдвэрээ гаргаснаар дараагийн асуудлыг үргэлжилнэ. 

 

Энэ удаад эрх баригчид олонхидоо эрдэж болохгүйг иргэдийн жагсаалт тэдэнд сургамжиллаа.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин