COVID-19: Куба улс 100 сая тун вакцин үйлдвэрлэнэ
2021-01-21

Куба улс энэ онд өөрсдөө боловсруулсан вакцинаа 100 сая тун үйлдвэрлэж, бүх хүн амаа вакцинжуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Кубын Карлос Финлейн нэрэмжит хүрээлэнгийн захирал Висенте Верес мэдэгджээ. 

 

"Манай улсад боловсруулсан Soberana02 вакциныг 100 сая тунгаар үйлдвэрлэх боломжтой. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал энэ онд нийт хүн амаа вакцинцуулна" хэмээн вакцин гарган авах ажлыг гүйцэтгэж буй хүрээлэнгийн захирал мэдэгдсэн байна.

 

Soberana02 вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь шат Куба улсад саяхан  эхэлсэн бөгөөд энэ туршилтад сайн дурын 900 хүн оролцох юм байна. Туршилт амжилттай болвол гуравдугаар сард 150 мянган сайн дурын хүн оролцуулсан гурав дахь шатны туршилтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. "Хүүхдүүдэд вакцин тарих боломжийг баталгаажуулахын тулд хоёрдугаар сард хүүхдүүд дээр вакциныг туршина" гэж Верес мэдэгджээ.

 

"Эхний хагас жилд багтаан бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах зорилготой байна. Кубчуудын хувьд вакцин үнэ төлбөргүй, мөн сайн дурын үндсэн дээр иргэд шийдвэрээ гаргана" хэмээн Верес мэдэгдээд, вакцинжуулалтын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэн, гадаадын жуулчдад төлбөртэйгээр вакцин хийхээр төлөвлөж байгааг онцолжээ.

 

Энд дуулгахад, Куба улсад коронавирусээс сэргийлэх дөрвөн төрлийн вакцин гарган авахаар ажиллаж байгаа юм.  Soberana01 болон Soberana02 вакцинуудыг нэрт дархлаа судлаач Карлос Финлейн нэрэмжит хүрээлэнд боловсруулж байгаа бол  Abdala, Mambisa нэртэй вакцинуудыг Генийн инженерчлэл, биотехнологийн төвд боловсруулж байгаа аж. Бусад бэлдмэлээс ялгаатай нь Mambisa нь хамрын цацлага хэлбэрээр гарах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин