БНХАУ Майкл Помпео нарын АНУ-ын 28 иргэний эсрэг хориг тавив
2021-01-21

Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ын 28 иргэний эсрэг хориг арга хэмжээ тавихаар болсон бөгөөд тэдний дунд Дональд Трампын захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Майкл Помпео ч багтжээ. Зохих мэдэгдлийг ГХЯ-ны цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 

 

"Хятадын хараат бус байдлыг зөрчиж, Хятадтай холбоотой асуудлаар ийм зөрчил гаргаж байсан АНУ-ын 28 иргэний эсрэг хориг арга хэмжээ авахаар БНХАУ шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

"АНУ дахь Хятадын эсрэг үзэл бодолтой улс төрчид өөрсдийн амин хувиа хичээсэн улс төрийн ашиг сонирхол, итгэл үнэмшил, Хятадыг үзэн ядах зангаасаа үүдэн, Хятад болон Америкийн ард түмнүүдийн ашиг сонирхлыг үл хүндэтгэн ухаангүй алхмууд хийж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, БНХАУ-ын ашиг сонирхлыг тасалдуулж, Хятадын ард түмнийг гутаан доромжлон, Хятад, Америкийн харилцаанд хор хохирол учруулсан" гэж Трампыг Цагаан ордныг орхисон даруйд БНХАУ-ын Гадаад хэргийн яам Трампын захиргааны бодлогыг тодорхойлжээ.

 

Хар жагсаалтад Помпеогийн хамтаар Цагаан ордны дэргэдэх Үндэсний худалдааны зөөвлөлийн тэргүүн Питер Наварро, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт  О'Брайен, НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт, АНУ-ын эрүүл мэндийн сайд асан Алекс Азар, Дональд Трампын зөвлөх асан Жон Болтон нарын хүмүүс багтсан талаар ТАСС дамжуулсан байна.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолсноор, хоригт багтсан этгээдүүд болон тэдний гэр бүлийн гишүүд, түүнчлэн тэдэнтэй холбоо хамааралтай компани, байгууллагууд Хятад, Хонконг, Макаогийн нутаг дэвсгэр рүү нэвтрэх эрхгүй, мөн БНХАУ-д ажил хэрэг явуулахыг хориглох аж. Түүнчлэн хар жагсаалтад багтсан этгээдүүдтэй ажил хэрэг явуулахыг Хятадын компани, хувь хүмүүст хоригложээ. 

 

Эргэн сануулахад, мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Шинжаан Уйгурын өөртөө засах орны уйгуруудын эсрэг хийж буй Хятадын үйлдэл нь "геноцид", "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.  Үүний хариуд Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин "Помпео "Шүүлтийн өдөр"-ийн алиалагч шиг аяглаж, дэлхий дахины доог тохуу боллоо" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд АНУ, Хятадын харилцаа ихээхэн хурцадсан юм. Хоёр орны хооронд худалдааны дайн өрнөж, АНУ Хятадыг технологийн хулгайд байнга буруутгаж байлаа.Түүнчлэн цар тахал эхэлснээс хойш Трамп халдвар үүсч, тархсанд Хятад хариуцлага хүлээх ёстой гэж удаа дараа мэдэгдсэний дээр 2020 оны есдүгээр сард ДЭМБ-д хандаж, коронавирус үүссэний төлөө БНХАУ-ыг шийтгэхийг уриалж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хужаа нарыг бүү оруул сэжигийн вируснууд
2021-01-21
Зочин:
зөв ү дээ... АНУ-гийн дээрэлхүү хогийн үйлдэлд Хятад л сөрж чадна. Дэмжиж байна.
2021-01-21