ВИДЕО: Хөгжлийн бодлогыг хатуу цементэлж болохгүй
2021-01-21

11:00 цаг:

Чуулганы хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

 

-Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болох гэж хичээж ирсэн. Харамсалтай нь ялсан нам үүнийг өөрчилж өөрийн намын бодлогоо гаргаж ирдэг. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн журмыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлогууд хөгжлийн бодлогын бичиг баримттай нийцсэн байх ёстой. Үүнийг зөрчвөл Үндсэн хуулийг зөрчиж, хуулийн хариуцлага хүлээх зохицуулалтууд орж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Хуулиар зохицуулж болохгүй асуудал бас байна. Улс төрийн соёлын асуудлууд хуулиар зохицуулагдахгүй. Хөгжлийн урт хугацааны бодлогоо 20, 30 жилээ баталчихлаа гэхэд улс төрийн бүх хүчин ороогүй бол санал зөрөлдөх асуудлууд гарна шүү дээ. Зүгээр л нэг намын бодлого болно. Хуулиар зохицуулж болдоггүй юмыг Үндсэн хуульдаа заагаад өгчихөөр Үндсэн хуулиа хэврэгжүүлээд байгаа юм биш үү. Хөгжлийн бодлогыг 20, 30 жилээр баталчихаад дараагийн нам гарж ирэхэд нөгөөх нь өөрийн бодлогоо хэрэгжүүлэх гэхээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь хэр зүйтэй вэ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Өчигдөр залуучууд Сүхбаатарын талбайд жагслаа. Эдгээр залуустай 1.5 цаг хамт жагсахад Улсын онцгой комиссын хүнлэг бус шийдвэрийн эсрэг жагсаж байгаа юм. Засгийн газар гадаадад гацсан хүмүүсийг шат дараатайгаар авчрах хэрэгтэй. Т.Ганболд гэдэг залуу өөрийн зочид буудалдаа иргэдийг байлгая гэж хэлж байна. Чөлөөнд гарсан ахмад настай эмч нарыг ажлуулж нөөц бололцоогоо ашиглах зохион байгуулалтын ажлуудыг хийх хэрэгтэй. Засгийн газар болон УОК зохион байгуулалтын ажил дээрээ анхаарах хэрэгтэй. Өчигдөр жагссан залуучууд халамж мөнгө төгрөг хүсээгүй. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

 Ажилгүйдэл болон ядуурал хэдэн хувиар буурах зэрэг тодорхой асуудлуудыг ярьмаар байна. Олон цаас үйлдвэрлэдэг хуулиудыг болимоор байна. Та бүхний очих дуртай Сингапурыг хар 20-30 жилийн өмнө загасчны тосгон байсан. Өмнөд Солонгосын хөгжлийн түвшин ямар хэмжээнд хүрснийг хар. Хойд Солонгостой холбоотой киноны зураг авалтыг манай улсад хийж байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 

-Хөгжлийн бодлогын асуудлыг 2050 гээд цэг хатгах нь зүйтэй. Хөгжлийн бодлогыг хатуу цементэлж болохгүй. 2007 он орчим  Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг гаргаж, Н.Энхбаяр гэдэг хүнээр санаачлуулаад 10 хуудаст багтаагаад намууд, иргэд юу хийх ёстойг заасан байлаа. Гэтэл үүнийг 100 хуудас болгочихсон.Намууд өөрсдөө бодлого байхгүй. 

 

Ийнхүү “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 60.7 хувийн саналаар баталлаа. Ийнхүү чууулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

10:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Үүнд: 

1.“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

3.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

8.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин